Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар Кувейтийн эзэн хаан Эмир Шейх Сабах Аль Ахмед Аль-Жабер Аль-Сабахын бэлгийг хүлээн авлаа. Энэ бэлэг нь 392 сая төгрөгийн үнэ бүхий 12 нэр төрлийн эмнэлгийн багаж тоног төхөөрөмж юм. Үүнд, Япон, Солонгос, Хятад улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн зөөврийн болон суурин унтуулгын аппарат, зөөврийн рентген аппарат, зөөврийн эхо аппарат, хяналтын монитор, фотогерафийн аппарат, нярайн монитор, инкубатор, 3D эхо, электро когуляцийн аппарат, эргэлтэт микротоми, агаар хүчилтөрөгчийн холимог өгдөг аппарат зэрэг багтаж байна. Түүнчлэн удахгүй түргэн тусламжийн 2 автомашин ирэх аж. Эдгээр тоног төхөөрөмжийг тендерт шалгаран нийлүүлж байгаа Улаанбаатар хотын H&H компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.Эдгээр тоног төхөөрөмжийг Кувейтийн хаан бэлэг болгосон нь сонин түүхтэй юм байна.
Өнгөрсөн зун манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Кувейтийн хаан Эмир Шейх Сабах Аль Ахмед Аль-Жабер Аль-Сабах хан хүүгийн хамт манай оронд хүрэлцэн ирж Хэнтий аймгийн Өндөрхаан хотоос гурван км зайд оршдог амралтад хэд хоног амрахдаа 85 настай хааны бие лагшин тавгүйцэж аймгийн эмнэлэгт дуудлага өгсөн байна. Түргэн тусламжийн эмч ч шуурхай очиж биеийн нь үзээд эмнэлэг рүү авч явна гэж түргэний 69 машиндаа хааныг суулган эмнэлэгт авчрахад эмч нар зүрх судасны үйл ажиллагааг дэмжих анхны тусламжийг үзүүлж амь насы нь аварсанд тэрбээр машид баярлан эмнэлгийн үйл ажиллагааны талаар асууж ярилцан хэрэгтэй шаардлагатай зүйлсээр нь тусална гэж амлаад явжээ.
Ингээд тэрбээр амласандаа хүрсэн нь энэ. Эмч нарын захьсан аппарат хэрэгслийн үнийг хаан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дансанд шилжүүлж Яамнаас тендер шалгаруулан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ийн нийлүүллээ.