Ногоон хөгжил-Хэмнэлттэй амьдралын хэв маяг

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Ногоон хөгжил-Хэмнэлттэй амьдралын хэв маяг

Ногоон хөгжил гэж юу вэ?

Энэхүү өгүүллийн зорилго бол ногоон хөгжил гэж юу болохыг тайлбарлаж танилцуулахад оршино.

Ногоон хөгжил бол Монголчуудад тун ойр энгийн ойлголт юм. Дулаан, цахилгаан, ус, хоол, хувцсаа хэмнэх нь өрх гэрийн эдийн засагт ч ашигтай. Манай нүүдлийн соёл иргэншил ч материаллаг бус, хэмнэлттэй, дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдралын хэв маягт суурилсан байдаг. Иймээс Монгол Улс нүүдлийн уламжлалт соёл иргэншил дээрээ суурилж, үр ашиг өндөртэй орчин үеийн технологиор үйлдвэрлэлээ дэмжээд, ногоон соёл иргэншил рүү шилжих бүрэн боломжтой.

“Монголын өнөө болон хойч үеийнхний  сайн сайхан амьдрах баталгаа – амьдралыг тэтгэх тогтолцоог найдвартай хамгаалж, тогтвортой хөгжихийг ногоон хөгжил гэнэ.”

Хөгжил бол хүний сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө л байх ёстой. Харин хүний сайн сайхан, аз жаргалтай амьдрахын эх сурвалж бол байгаль орчин билээ. Цэвэр орчин (ус, агаар, хөрс) болон эрүүл экосистем бол бидний амьдралыг тэтгэх тогтолцоо юм. Хоол хүнс, ноос ноолуур, мод, эм зэрэг нь экосистемийн бүтээгдэхүүн байдаг. Амарч алжаалаа тайлахдаа ч бид экосистемийнхээ үйлчилгээг хүртдэг. Ус, агаар, хөрсийг цэвэршүүлэх үйлчилгээг мөн л экосистем үзүүлдэг. Иймээс экосистемийн бүтээгдхүүн болон үйлчилгээ нь хүний амьдралыг тэтгэх амин дэм юм.

Эдийн засгаа хүний хөгжлийн төлөө өсгөж, хүний үйл ажиллагаа нь байгаль орчноо доройтуулахгүй, харин улам сэргээн сайжруулах үйлдлийг ногоон хөгжил гэж хураангуйлж болно. Ялангуяа, ирээдүй хойч үе, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бид байгаль орчноо хамгаалах үүргийг хүлээж байгаа билээ. Энэ утгаараа ногоон хөгжил бол үнэндээ тогтвортой хөгжил гэсэн үг юм. Өнөө үеийнхэн хэрэгцээгээ хангахдаа, ирээдүй үедээ хэрэгцээгээ хангах боломжийг өвлөн үлдээх зорилготой үе үеийн тэгш байдал нь тогтвортой хөгжлийн үндэс билээ. Иймээс үр хүүхэд болон хойч үеэ ирээдүйд сайн сайхан амьдраасай хэмээх хүсэл эрмэлзэлд ногоон буюу тогтвортой хөгжлийн үзэл санаа бүрэн оршдог. Дашрамд дурьдахад, ногоон хөгжлийн үзэл санааг нийтээрээ ойлгон талархан хүлээж аваад байна. Одоогоор Архангай, Өвөрхангай, Ховд, Булган болон Хэнтий аймгууд ногоон хөгжлийнхөө бодлогын баримт бичгийн эхийг боловсруулаад байгаа билээ.

Гадаад нөхцөл

2012 оны 6 дугаар сард буюу 20 жилийн дараа Бразил улсын Рио де Жанейро хотноо дахин зохион байгуулсан НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурлаас өнөө болон хойч үеийнхэнд тогтвортой ирээдүйг баталгаажуулахын тулд эдийн засаг, нийгэм болон байгаль орчны харилцан уялдаа, нөлөөллийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгааг дахин онцолсон билээ. Дэлхийн улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохирсон хөгжлийн алсын хараа, арга загвар, хандлагатай хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ёстойг онцолсон юм. Гэвч ногоон эдийн засгийг тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулах улмаар арилгах хэрэгслийн нэг болгохыг зөвлөсөн (“Бидний хүсч буй ирээдүй”, НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурлын үндсэн баримт бичиг, 2012, “The Future We Want”). Эдийн засаг, нийгэм, байгаль орчны гурван хүчин зүйлийг нэгтгэн цогц байдлаар хэрэгжүүлэх чадавхитай, тогтвортой хөгжилд хөтлөх засаглалыг бүх салбар, түвшинд бэхжүүлэх шаардлагатайг мөн тус баримт бичигт дурьджээ.

Хүний үйл ажиллагаа дэлхийн тогтолцоонд нөлөөлөх болсоноор хүн төрөлхтөн Антропоцен хэмээх геологийн шинэ эринд орсоныг нийтээр хүлээн зөвшөөрөх болов. Ялангуяа монгол тооллын нэг эрин болох сүүлийн 60 жилд хүний үйл ажиллагаа эрс хурдатгалтайгаар өөрчлөгдлөө. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн устаж буй хурдац, азотын эргэлт гэсэн байгаль орчны үзүүлэлтүүдээр дэлхийн тогтолцоо аюулгүй оршин тогтнох хил хязгаараас хэдийнээ даван гарсан болохыг эрдэмтэд тогтоогоод байна. Агаар мандал дахь хүлэмжийн хий ихэссэнээс улбаатай дэлхийн дулаарлын эрч саарахгүй байгаа тул уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал шинээр урган гарч ирч буй сорилуудын нэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрлөө.

Дэлхий дээрхи бүх үйл явц энэ эрчээрээ явбал 2030 онд бидэнд 2 дэлхий шаардагдана гэсэн тооцоо ч гарчээ. Энэ бүхэн ганцхан цэнхэр гариг дээр аж төрж буй хүн төрөлхтний өмнө “орших, эс оршихийн” хариуцлагаа ухамсарлан, хамтын хүчээр тулгамдаж буй эрсдлээ даван туулахаас өөр гарцгүй байгааг ухаарууллаа. Монгол Улсын Засгийн газар өөрийн үүрэг хариуцлагаа үүрэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг ногоон хөгжлийн хөдөлгөгч хүч болгохоор чармайн ажиллаж байна.

Үүний дагуу НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөр (UNEP), НҮБ-ийн Сургалт, судалгааны хүрээлэн (UNITAR), НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO) болон Олон Улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран ”Ногоон эдийн засгийн төлөөхи түншлэл” (Partnership for Action on Green Economy буюу PAGE) хөтөлбөрийг санаачилсан болно. Тус хөтөлбөр нь 2020 он гэхэд Дэлхийн 30 улс орныг загвар ногоон эдийн засагтай болоход тусалж хамтран ажиллах зорилготой юм. Монгол Улс тус хөтөлбөрт хамрагдах анхны орноор сонгогдож, хамтран ажиллаж эхлээд байна. Тэгш хүртээмжтэй ногоон эдийн засаг хүн-байгальд ээлтэй төдийгүй эдийн засгийн өсөлтийг хурдасгах боложтойг харуулах нь уг хөтөлбөрийн нэгэн зорилго юм.

Дэлхийн хэмжээнд тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн талаар маш олон арга хэмжээ зохион байгуулагдаж, нэг ёсны байгаль орчныхоо төлөө эвлэлдэн нэгдэх шинэ давалгаа үүсчээ. Манай зүүн хойд азийн бүс нутаг тус давалгааны торгон үзүүрт манлайлж явна. Тухайлбал, Япон улс “Бага нүүрстөрөгч бүхий хөгжлийн түншлэл”, БНСУ-д “Ногоон өсөлт”, Хятад “эко соёл иргэншил”, Казакстанд “Ногоон гүүр” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгааг энэ дашрамд дурьдах нь зүйтэй болов уу. Япон Улсын Засгийн Газар “Бага нүүрстөрөгч бүхий хөгжлийн түншлэлийн” анхны гэрээгээ Монгол Улстай энэ оны эхээр байгуулсан билээ.

Мянганы Хөгжлийн Зорилгууд дуусах 2015 оноос хойш Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг боловсруулж хэрэгжүүлэхээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаас шийдвэрлэсэн юм. Дэлхий даяар энэ чиглэлээр өргөн хэлэлцүүлэг өрнөж, ядуурлыг бүх үзүүлэлтээр нь арилгах, тэгш байдлыг хангах зэрэг асуудлууд анхаарлын төвд байна. Эдгээр дэлхийн зорилтууд дээр монгол хүний сайн сайхан амьдрахад шаардлагатай зорилтуудыг нэмж оруулан, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэвшүүлэх шаардлагатай юм. 2030 онд хүрэх Ногоон хөгжлийн үзэл баримтлал нь Монгол Улсын онцлогт тохирсон тогтвортой хөгжлийн байж болох зорилтуудад суурилсан болно.

Дотоод нөхцөл

2012 оны шинэчлэлийн Засгийн газар ногоон хөгжлийн суурийг тавьж, “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөр боловсруулан, загваруудыг бий болгох зорилтыг мөрийн хөтөлбөртөө оруулсан юм. 2030 онд хүртэлхи ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрөө батлан хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улс хөгжлийн хандлагаа эрс шинэчилж, тогтвортой хөгжлийн замаар замнах болно.

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засаг бүхий орон болох шилжилтийг өнгөрсөн 20 гаруй  жилийн хугацаанд хийж, ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засагтай болох талаар амжилтад хүрсэн. Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж эхлэн, уламжлалт соёл иргэншлээ хадгалсаар мэдээллийн технологийн эрин үед шилжин орлоо. Энэ бүхэн Монгол Улсад сэргэн хөгжих алтан боломжийг нээж байгаа билээ.

Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж эхэлсэн боловч олон хэлбэршилгүй буюу дан ганц уул уурхайн орлогоор өссөн тул эдийн засаг ч тогтворгүй (2012 онд дэлхийн өрсөлдөх чадварын индексээр 142 орноос 96, 2013 онд 144 орноос 93-р байранд тус тус яваа), ядуурлын түвшин өндөр хэвээр (Мянганы хөгжлийн зорилтуудаас 2015-д ядуурлыг 2 дахин бууруулах гэсэн зорилт хэрэгжих магадлал хамгийн бага байгаа), хүний хөгжил, ялангуяа дундаж наслалт, боловсролоор дорвитой ахиц гарахгүй хэвээр (2011 онд хүний хөгжлийн индексээр 187 орноос 110–д, 2012 онд хүний хөгжлийн индексээр 187 орноос 108–д тус тус яваа) байгаа төдийгүй Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж, усны бохирдол, газрын доройтол хэтэрсэн тул байгаль орчин нь ч тогтворгүй болжээ. Үүнээс нэгтгэн дүгнэвэл, Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилд тогтвортой хөгжлийн үзүүлэлтээр ухарсан байна.

Засгийн газар Монгол улсаа шинэчлэн хөгжүүлэх ногоон хөгжлийн хэтийн зорилгоо дэвшүүлж, бодлогын баримт бичгээ боловсруулж хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн бариад байгаа юм.

Үзэл баримтлал


Уур амьсгалд зохицсон хөгжил, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжилд хүрэх засаглал, тэгш байдал болон ядуурал зэрэг НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурлын үндсэн баримт бичиг “Бидний хүсч буй ирээдүй”-д заасан салбар дундын гол чиглэлүүдээр Монгол Улсын ногоон хөгжлийн стратегийг дэвшүүлж байгаа болно. Харин Монголынхоо өвөрмөц онцлогийг тусгах үүднээс “соёл ба өв” гэсэн чиглэлийг ногоон хөгжлийн стратегид нэмж орууллаа.

Монгол орныг өөр хоорондоо харилцан үйлчлэлцэх  байгаль орчин, нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын гэсэн таван бүрэлдхүүн хэсэгтэй цогц тогтолцоо гэж авч үзэв. Монголчууд системийн сэтгэлгээтэй ард түмэн билээ. Монгол ардын эмнэлэгт бие махбодийг нөхөр ба дайсан, эцэг ба хүү гэсэн харилцан үйлчлэл бүхий таван цул эрхтэнтэй цогц тогтолцоо хэмээн үздэг. Аль нэг эрхтэн өвдвөл дайсан эрхтэндээ халгаатай тул эрүүл байхын тулд эрхтэн бүрийг эрүүл байлгах шаардлагатай. Энэ зүйрлэлээр бол Монгол улс байгаль орчин, нийгэм, эдийн засаг, улс төр болон соёлоо аль алийг эрүүл байлгаж, дархлаагаа хадгалж гэмээнэ тогтвортой оршин тогтнох юм.

Уур амьсгалд зохицсон хөгжил

Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөгжлийн асуудал амин чухал болохыг харуулсан зарим нэг судалгааны үр дүн гараад байна. Япон-Монголын эрдэмтэд цэвдэг хайлалтын судалгааг Туул галын сав газарт хийжээ. Хавар цэвдэг гэсэхдээ ургамлын ургаж эхлэхэд хэрэгцээт чийгийг өгдөг байж. Гэтэл Налайх орчимд хийсэн цэвдгийн судалгааны дүн дэлхийн дулаарлын үр дагавар болох цэвдэг хайлалтын улмаас энэ зүй тогтол алга болж байгаа ноцтой үр дүн гарчээ. Болзошгүй сөрөг үр дагавруудыг дурьдвал, ургамлын ургаж эхлэх хугацаа оройтож хавар хуурайшин, экосистем доройтох улмаар цөлжих, бэлчээрийн мал аж ахуй улам эмзэг болох, цэвдгийн гэсэлтээр тэжээгдэх голын урсац багасах зэрэг болно. Эдгээр судалгааны дүн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар ямар их ноцтой болохыг харуулж байна.

Иймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицол, ногоон хөгжлийн бодлогыг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахтай харилцан уялдуулбал Монголд болон дэлхийд аль алинд нь үр ашигтай болох тул дасан зохицох технологи нэврүүлэхэд олон улсын санхүүжилтыг олох магадлал ихсэж, хамтын ажиллагаа илүү үр дүнтэй болох нь ойлгомжтой. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр Монголын нөхцөлд ажиллах хөргөгчийг шинээр зохион бүтээж, малынхаа тоог бэлчээрийнхээ даацад тааруулан, ялангуяа зудын нөхцөлд, цөөлөөд махаа хадгалахад тус “шинэ” хөргөгчийг ашигласанаар зудад алдах малын тоо цөөрөх төдийгүй бэлчээрийн экосистем ч сайжрах, эдийн засаг, нийгэм болон байгаль орчинд аль алинд нь ээлтэй ногоон хөгжлийн төслийг БОНХЯ нь Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр оруулаад байна.

Нүүдлийн соёл иргэншлээс ногоон соёл иргэншил рүү

Үндэсний байгаль, соёлын өв газруудыг бий болгож, ногоон соёл иргэншлийн хөгжлийн бүс болгон хөгжүүлэх саналыг ногоон хөгжлийн үзэл баримлалд дэвшүүлж байгаа юм. Тухайлбал, Алтайн нуруу, Их нууруудын хотгорыг нүүдлийн соёл иргэншлийн өлгий-үндэсний байгаль-соёлын хосолмол өв газар, Бурхан Халдун болон Онон-Балжийн сав газрыг тулгар төрийн үндэсний өв газар, цагаан зээр бүхий хялганат хээрийн байгалын үндэсний өв, их говийн байгалын үндэсний өв, Хөвсгөл нуурын орчмын нутгийг цаатан соёл иргэншлийн өв газар болгон “тамгалж”, ногоон технологиор баяжуулан хөгжүүлсэнээр Монгол орон ногоон байгаль-соёл-түүхийн өвөрмөц брэнд орон болно.

Төв азийн нүүдлийн соёл иргэншлийн өв монголд л үлджээ. Үүнийгээ хөгжлийн давуу тал болгох бололцоо байна. Тухайлбал, байгаль, соёлын аялал жуулчлал, органик мах сүү зэрэг хүнс, ноос ноолуур, оёдол сүлжмэлийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлээд ногоон хөгжил рүү шат ахих бүрэн боломж буй.

Тогтвортой хөгжилд хөтлөх засаглал


Ногоон хөгжлийн энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд бүх шатны төр, засгийн байгууллагын салбар дундын уялдаа, зохицуулалтыг сайжруулан, ил тод, хариуцлагатай, хяналттай “засаглал”-ыг төлөвшүүлнэ.

Иргэдийн оролцоог өрнүүлэх, тогтвортой хөгжил, байгаль орчны албан бус боловсролыг дээшлүүлэх, байгаль, нийгмийн хариуцлагатай компанийг хөгжүүлэх, эдийн засаг, нийгэм болон байгаль орчинд аль алинд нь ээлтэй шийдлийг эн тэргүүнд хэрэгжүүлэх, нийгмийн уламжлалт өв, нутаг усныхны албан бус сүлжээг бэхжүүлэх зэрэг тогтвортой хөгжилд хүрэх засаглалыг бий болгох нь шинэчлэлийн засгийн газрын зорилго юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдвээр хийсэн үндэсний зөвлөлдөх уулзалт энэ зорилгыг улам тод томруун болголоо. Монгол Улсын хөгжлийн хэмжиж болохуйц, хүрч болохуйц, ойлгомжтой, оновчтой зорилтууд дэвшүүлж, хэрэгжилт болон хяналтын тухай хууль гаргах санаачлагыг Ерөнхийлөгч дэвшүүлэв.

Монгол Улсын Засгийн Газрын Улсын Их Хуралд өргөн бариад буй ногоон хөгжлийн үзэл баримтлал нь дээрхи 5 чиглэлээр 8 зорилго, 40 хэмжиж болохуйц, хүрч болохуйц, ойлгомжтой, оновчтой зорилтуудтай юм. Эдгээр салбар дундын зорилтуудыг хэрэгжүүлэхэд, Монгол Улсын тогтвортой буюу ногоон хөгжлийг манлайлах ухаалаг “нэг” төр хэрэгтэй байгаа юм.

Мөнх тэнгэрийн хүчинд хөх тэнгэрийн Монгол үүрд мандан бадрах болтугай!

Доктор Т. ЧУЛУУН
/Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын Зөвлөх/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж