Оюутан хүүхдийнхээ мэдээллийг гар утсаар авдаг боллоо

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Оюутан хүүхдийнхээ мэдээллийг гар утсаар авдаг боллоо

Ц.Тэнгис: Эцэг, эхчүүд оюутан хүүхдийнхээ мэдээллийг гар утсаар авдаг боллоо


ШУТИС-ийн салбар КТМС-ийн эрдэмтэн багш нар Монгол улсад анх удаа  эцэг эхчүүд оюутан хүүхдийнхээ сурлагын  талаарх бүх мэдээллийг гар утсаараа авдаг сүлжээг (үйлчилгээг) нэвтрүүллээ. Энэ бол техник технилоги асар хурдацтай хөгжиж буй энэ үед манай улсын боловсролын салбарт нэгэн шинэ дэвшил болж буй юм. Энэ үйлчилгээг хэрхэн ашиглах талаар тус сургуулийн дэд захирал Ц.Тэнгистэй уулзаж тодруулсан юм.

-Оюутны сурлагын мэдээллийг эцэг, эхчүүд нь гар утсаар хянах боломжтой боллоо гэх юм. Энэ үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Монголд анх удаа ШУТИС-ийн харьяа КТМС-ийнхан  оюутны мэдээллийг эцэг, эхчүүдэд гар утсаараа авдаг үйлчилгээг нэвтрүүлж байна. Мэдээллийн эрин зуунаас боловсролын салбар хоцрохгүйн тулд энэхүү үйлчилгээг  нэвтрүүлэх нь цаг үеийн шаардлага. Өнөөдөр эцэг эхчүүд оюутан хүүхдээ хэрхэн суралцаж буй талаар мэдээлэл авах боломж ховор.  Сургууль дээр нь очиж багш удирдлагатай нь уулзах эсвэл интернэт ашиглан сургуулийн веб руу нэвтрэх замаар мэдээллийг авдаг. Гэвч интернэтэд нэвтрэх боломжтой хүн цөөхөн. Ялангуяа орон нутагт байдаг эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ сурлагыг мэдэх боломж хаалттай. Хүүхдээ хэрхэн суралцаж буйг мэдэхийн тулд холоос зардал чирэгдэл болж сургуульд дээр нь ирдэг.

-Тэгж ирж хүүхдийнхээ сурлагын талаар мэдээлэл авдаг эцэг эх ховор байдаг байх аа?

-Бараг л байхгүйтэй адил. Эцэг эхчүүд “хүүхэд минь сайн сурч байгаа” гэж итгэж найддаг. Гэтэл нөгөө хүүхэд нь ээж аавынхаа итгэлийг даалгүй тааруу суралцсан тохиодол олон бий. Эцэг эхээсээ сургалтын төлбөр гэж хэдэн саяар нь аваад сургуульдаа ч төлсөн юм байхгүй өөр зүйл зарцуулдаг. Эцэст нь оюутан ч өөрөө хохироод зогсохгүй эцэг эхийгээ мөнгө санхүүгээр хохироодог. Энэ бол манай боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын нэг. Үүнийг л бидний нэвтрүүлж буй гар утсаар оюутны мэдээллийг хянах үйлчилгээ таслан зогсоох юм.

-Интернэтээр мэдээлэл авдаг эцэг эх ч ховор байх. Гар утсаар бол хүүхдийнхээ мэдээллийг аваад байх байлгүй дээ. Ямар ч гар утаснаас авч болно биз дээ?

-Та ямарч үүрэн телефоны утастай байж болно. Харин тэрхүү гар утсныхаа дугаарыг манайд бүртгүүлсэн байх ёстой. Та ганц удаа 150-999 руу мэссэж бичээд хүүхдийнхээ талаарх бүх мэдээллийг авна.  XXI зуунд хүн бүр гар утсыг өргөнөөр хэрэглэж байна.  Эцэг эхчүүд тэр болгон зав цаг гарган багш, сургалтын алба, сургалт эрхэлсэн захирлуудтай уулзах боломжгүй байдаг.

-Гар утасныхаа дугаарыг яаж бүртгүүлэх вэ?

-Оюутан сургуульд элсэж орохдоо өөрийн болон эцэг эхийнхээ утасны дугаарыг оюутны анкет дээр бичиж өгсөн байдаг. Анкет дээр бичсэн утасны дугаараа сольсон эсвэл утасны дугаараа бичиж өгөөгүй бол сургалтын албанд бүртгүүлэхэд л хангалттай.

-Эцэг эхчүүд оюутан хүүхдийнхээ талаарх хэдэн төрлийн мэдээллийг авах боломжтой вэ?

– Хүүхдийнхээ ямар дүнтэй суралцаж байгаа эсэхийг шалгах, хичээлийн хуваарийг нь харж тухайн хичээл дээр ямар дүн авсныг мэдэх, дүнгийн хуудсыг нь хэвлэх эрхтэй болно. Мөн суртгалтын төлбөрийн  илүү дутууг харах,  хүүхдийнхээ сургалтын вэб рүү нэвтэрч ороод  сурлагын болон бусад мэдээллийг харах боломжтой юм.

-Оюутнууд ч гэсэн өөрийнхөө мэдээллийг гар утсаараа авах боломжтой биз дээ?

-Боломжтой байлгүй яахав. Суралцаж байгаа төлвөө шалгах, хичээлийн хуваарь, голч дүн, тодорхойлолтын эрх, нууц үгээ харах зэргээр эцэг эхтэй адилхан мэдээлэл авах эрхтэй байна.

-Энэхүү үйлчилгээг  бүх их дээд сургуульд нэвтрүүлбэл нийтэд хэрэгтэй юм байна даа. Энэ талаар ямар ажил хийж байна?

-Ямартай ч КТМС  энэ үйлчилгээг Монгол Улсад бий болголоо. Удахгүй бид ШУТИС-ийн бүх салбар сургуульд энэ үйлчилгээг нэвтрүүлнэ. Харин нийт их дээд сургуульд энэ үйлчилгээг нэвтрүүлэхийг нь хариуцсан яам, газрууд нь мэдэх байлгүй. Бид нэгдсэн системтэй байж, мэдээллийг нээлттэй нэвтрүүлэхийг  зориж байна. Бидний энэ ажил олон зорилгуудтай уялдаж байгаа, жишээ нь Ухаалаг Хот төсөл, Үүлэн системийг бий болгох гээд л. Уг нь энэ үйлчилгээ бол боловсролын салбарт маш том дэвшил юм шүү.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж