БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилчид гаргах ажлыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд гүйцэтгэдэг болно.
“Санамж бичиг”-т БНСУ-ын Хөдөлмөрийн яам солонгос хэлний шалгалт авах болон шалгагч байгууллагаар Солонгосын хүний нөөцийн хөгжлийн газрыг томилсон.
“Санамж бичиг”-ийн 2-ын “а”-д зааснаар Солонгосын Хөдөлмөрийн яам, шалгагч байгууллага нь солонгос хэлний шалгалтын үнэлгээ өгөх зарчим болон шалгалтын хураамжийн хэмжээг тогтоодог.
Энэхүү “Санамж бичиг”-ийг үндэслэн БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн газар, “Гадаадад ажиллах хүч илгээх төв” төрийн өмчит ХХК-ийн удирдлагууд 2008 оны 10 дугаар сард “Солонгос хэлний шалгалт авах гэрээ”-г байгуулсан.
Гэрээнд солонгос хэлний шалгалтын хураамжийг 17 ам.доллараар тогтоож, Солонгосын хүний нөөцийн хөгжлийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын дансанд авч, солонгос хэлний шалгалт авахад Монголын талаас гарч байгаа зардыг нөхөхөд зориулж шалгалтанд орохоор бүртгүүлсэн хүн тус бүрт 4 ам.доллараар тооцож, “ГАХИТ” төрийн өмчит ХХК-д төлнө гэж заасан.
Үүний дагуу нийт 17 ам.доллар буюу 23.630 төгрөг /2010 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Монгол Банкны ханш/-дээр Солонгосын Төлөөлөгчийн газрын Монголын татварын байгууллагад төлөх 10%-ийн хүн амын орлогын албан татварыг нэмж тооцон 26.000 /23.630*10%/ төгрөгийг хүн нэг бүрээс хураан авч байгаа юм.
Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн газар бүртгүүлсэн хүн тус бүрээс хураамжид авсан 13 ам. Долларыг солонгос хэлний шалгалтын стандарт тогтоох, шалгалтын асуулт боловсруулах, шалгалт авах, үнэлэх, шалгалтын дүнг гаргах, батламж олгох, үнэлгээ өгөх зарчмыг тогтоох, БНСУ-аас Монголд ирж ажиллах хүмүүст албан томилолтын зардалд болон солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын тогтолцоог сайжруулахад чиглэгдсэн бусад арга хэмжээнд зарцуулдаг байна.
2007 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны удирдлага БНСУ-ын Хөдөлмөрийн яамны удирдлага, албаны бусад хүмүүстэй уулзах үедээ шалгалтын хураамжийн хэмжээг бууруулах талаар санал тавьж байсан санал хүсэлтийг хүлээн авч, БНСУ-ын Хөдөлмөрийн яам ажилчин авдаг гадаадын 15 орны хувьд адил тэгшээр шалгалтын хураамжийг 17 ам. доллар байхаар өөрчлөн тогтоосон.
Манай байгууллагад олгож байгаа 4 ам.долларыг дараах арга хэмжээнд зарцуулдаг. Үүнд:
1/ Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд НХХЯамны Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, Халамж үйлчилгээний газрын сүлжээг ашиглан зохион байгуулж, бүртгэсэн хүн бүрт 1 ам.доллараар бодож, дээрх байгууллагуудад хөлс төлөхөд;
2/ Үлдэх 3 ам. долларыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл /телевиз, сонин хэвлэл, вэйб сайт, FM зэрэг/-ээр зар сурталчилгаа явуулах, шалгалтын байр танхим түрээслэх, багш, хянагч, хамгаалалтын ажилтнуудад ажлын хөлс, бичиг хэрэгслийн зардлыг нөхөх зэрэгт зарцуулж байна.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг бид хөдөө орон нутгийн хүмүүст хүндрэл учруулахгүй байх, нөгөө талаар нэг дор /Улаанбаатар хотод/ олон хүмүүс цуглуулж дараалал үүсгэж, хүмүүсийг чирэгдүүлэхгүйн тулд орон даяар аймаг, нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулж ирлээ.
БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн газар монгол иргэдээс хураамжид авсан мөнгөнөөс хүн амын орлогын татварт 35 сая төгрөг төлөхөөр татварын байгууллагатай тооцоо хийж байна.
“Гадаадад ажиллах хүч илгээх төв” төрийн өмчит ХХК