Жуулчлалыг хөгжүүлэхээр &#34Манамагийн тунхаглал&#34 гаргав

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Жуулчлалыг хөгжүүлэхээр &#34Манамагийн тунхаглал&#34 гаргав

Ази тивийн улс орнуудын хооронд хөгжлийн төлөө хамтын ажиллагааны чухал механизм болох "Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ"-ний 12 дах удаагийн сайд нарын түвшний уулзалт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд Бахрайны Манама хотод болсон байна. Дээрх уулзалтад Монгол Улсыг төлөөлж, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Л.Галбадрах, Гадаад хрилцааны сайдын зөвлөх А.Батпүрэв нар оролцжээ. Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээнд Монгол улс 2006 онд элсчээ.

Арав гаруй жилийн өмнө буюу 2002 онд Азийн зарим орны санаачлагаар тус тивийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлж тивийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд улс орнуудын хүч, боломжийг нэгтгэх зорилгоор энэхүү яриа хэлэлцээг эхлүүлж байжээ. Үүнээс хойш санаачлага өргөжсөнөөр тивийн 32 орныг нэгтгэсэн хамтын ажиллагааны голлох фора болсон аж. Хамгийн сүүлд энэ онд Бүгд Найрамдах Турк улс нэгджээ.

Гишүүн орнууд дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол соёл, банк санхүү зэрэг үйл ажиллагааны 30 орчим чиглэлээр улс дамнасан болон хамтарсан төслүүдийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлдэг байна. Цаашид эдгээр үйл ажиллагааг өргөжүүлж хэмжээ, давтамжийг нэмэгдүүлэх замаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болоод буй ази тивийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн чухлыг энэ удаагийн уулзалтад оролцогчид онцолжээ. Үүний тулд хамтын ажиллагааны яриа хэлэлцээг байнгын албан ёсны бүтэц болгож нарийн бичгийн даргын газар байгуулах талаар сайд нар ярилцжээ. Мөн Кувейт улс өөрийн зардлаар түр нарийн бичгийн даргын газар байгуулах санал гаргасан байна.

Түүнчлэн тивийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар "Манамагийн тунхаглал" гаргажээ. Аялал жуулчлал нь 2020 он гэхэд 2-3 тэрбум ам.доллараар хэмжигдэж дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ салбарт Азийн тэргүүлэх байр суурийг хадгалан олон сая ажлын байр шинээр бий болгоход ази даяарх аялал жуулчлалын хамтын ажиллагаа чухал аж.

Уулзалтаар мөн санхүү хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, аюулгүй байдлын чиглэлээр Азийн улсуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалж зарим санаачлага, төлөвлөгөөг дэмжжээ. Тухайлбал Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж Азийн дэд бүтцийн банк болон Азийн хөгжлийн сан байгуулах зарим орнуудын санаачлагыг сайшаажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж