Хоёр чулуу шидсэн хоригдол

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Хоёр чулуу шидсэн хоригдол

2008.07.01 Хавтаст хэргийн 4202хуудсанд хадгалагдах энэ бүдэгхэн зургийг үндэслэн Хан Уул дүүргийн шүүх түүнд дөрвөн жил ял оноожээ.

Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргээр 250 гаруй хүнд хоморголон ял оноож, заримыг нь өршөөлд хамруулсан ч түүний цаадах бодит үнэнийг хэрхэн халхавчилсныг олон нийт мэдэхгүй. Энэ хэргийн улмаас дөрвөн жилийн ял авсан Ц.Занданхүү гэгч 28 настай залуу хэргийг нь хэрэгсэхгүй болгосны дараа хилс хэрэгт хэлмэгдсэн нэр төрөө сэргээлгэхээр 30 гаруй прокурор, шүүгчийн хаалгыг татаад байгаа гэнэ.

-Долдугаар сарын 1-ний өдөр жагсаалд оролцож байгаад баригдсан уу?

-2005 оноос хойш би нийгмийн амьдралд идэвхитэй оролцож эхэлсэн. Болохгүй, бүтэхгүй байгаа шударга бус зүйлсийн эсрэг өөрийн дуу хоолойгоо нэмэрлэж ирсэн гэхэд болно. Тэр өдөр бас л тийм зорилгоор Сүхбаатарын талбайд очсон. Сонгууль будилаантай болсон гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан. Энэ өдрөөс өмнө иргэний хөдөлгөөнүүд, Ардчилсан намын дарга асан Ц.Элбэгдорж ч тэр, ер нь бүгд л түүнийг гэрчилж мэдэгдэл гаргаж жагсаалд оролцохыг уриалж байсан шүү дээ. Үнэхээр ч тийм юм болсон гэдэгт итгэлтэй байсан учраас 12.00 цагийн үед төв талбай руу очсон. Гэхдээ би хүчирхийллийг үзэн яддаг. Өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын эрх ашгийг хөсөрдүүлэхгүй байхыг баримталдаг. Тэр үед эмх замбараагүй байдал ч үүсээгүй байсан. Бухимдсан олон л байсан.

-Тэгэхээр жагсаал, цуглаанд багагүй оролцдог байж. Тийм үү?

-Тийм.

-Тэгвэл иргэний хөдөлгөөний хүмүүсийг гадарлана биз?

-Мэдээж, гадарлана.

-Тэр үед МАХН-ын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбооны залуус жагсаалд оролцсон гэдэг. Түүрийг анзаарсан уу?

-Энэ жагсаалд хэн үүрэг оролтой байсан бэ гэвэл МАХН гэж би хэлнэ. Сонгууль будилаантуулчихаад иргэдийн анхаарлыг өөр тийш нь татахын тулд МАХН өөрсдийнхөө хүмүүсийг жагсаалд оролцуулах байдлаар зохион байгуулчихсан юм болов уу гэж боддог. Тэд нар нь жагсаалын дунд орж ирээд жагсагчдыг бусармаг зүйл рүү урайлсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Уриалж ч байсан. Боловсрол нимгэнтэй, дэвэрсэн сэтгэлтэй хөөрсөн тэмцэгчид эрх чөлөөний аранга болдог гэж үг байдаг байх аа. Үүнтэй адилаар юм болж эцсийн дүндээ иргэд л хохироод өнгөрсөн. Луйвардсан нөхдүүд нь суудалдаа суугаад, СЕХ-ны дарга байсан Б.Баттулга албан тушаалаар шагнуулаад л явчихсан. Хариуцлага хүлээсэн хүн нэг ч байхгүй.

-МАХН-ын тэр тэр жагсаалд оролцоод, тэгье гээд уриалаад явж байсан гэдгийг тоочоод хэлж чадах хэрэг үү?

-Тэрийг тоочих аргагүй. Энэ гэхдээ миний л бодол.

-Та жагсаал дуустал тэнд бай­сан уу. Цагдаа нарт хаанаас баригдав аа?

-Дуустал нь ажигласан. Гэхдээ миний хувьд чулуу шидээгүй, хүмүү­сийг элдэв зүйлд уриалан дуудаагүй.

-Хараад л зогсч байсан гэж үү?

-Яах вэ, эхлээд “Хувьсгалт нам огцор. Зайл” гэж орилсон. Гэхдээ хүн үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх эрхтэй биз дээ. Намайг тэгж хэлсний төлөө Монголын шүүх ялласан юм шиг санагдсан. Гэхдээ үнэхээр тэгж хэлсний чинь учир чамайг яллалаа гэдэггүй юм билээ. Тийм зүйл ярьдаггүй мөртлөө “Хоёр чулуу шидсэн” гээд гөрддөг. Их сонин шүү дээ.

-Яагаад?

-Миний шидсэн хоёр чулуу өөр хоорондоо зайтай оршдог долоон байгууллагыг галдан шатаагаад, 637 иргэний бие махбодод хөнгөн, хүнд гэмтэл учруулаад, улсад 11 тэрбум 637 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг. Бодит байдалд нийцэхгүй байгаа биз дээ. Хоёрхон чулууны учруулсан хохирол шүү дээ, тэр чинь. Миний үйлдээгүй хэргийн протоколыг өөрсдөө үйлдчихсэн. Үйлд­сэнийхээ дараа яллах дүгнэлт гаргаж, түүнийг нь шүүх нь хянаж үзээд яг түүгээр нь ялласан. 250 гаруй хүний яллахдаа бүгдийг нь тэгсэн. Хаа хамаагүй хүмүүсийг тав, зургаагаар нь багцалж байгаад л нэг хэргээр яллаж байсан юм.

-Хурлыг хаалттай хийхийн тулд хуралдаан болгонд зориудаар нэг хүүхэд оруулж ялалж байсан гэдэг. Та нарын багцад насанд хүрээгүй хүү­хэд хэд байсан бэ?

-Хоёр хүүхэд байсан, М, Ч гэж. Хуульд насанд хүрээгүй хүүхдийн хэргийн шүүх хурлыг хаалттай хийнэ гээд заачихсан юм билээ. Түүнийг л ашиглаж, олон нийтийн хараанаас бултуулж, дур зоргоороо авирлах гэсэн хэрэг л дээ. 

-Шүүх хурал болохоос өмнө та саатуулагдаж байсан уу. Эсвэл батлан даалтаар гарчихсан уу?

-Долдугаар сарын 1-ний орой баригдсан. Тэгээд урьдчилан саатуу­лах төвд саатуулж байгаад долдугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Мөрдөн байцаах газрын дарга,  хошууч н.Даваадорж байцааж эхэлсэн. Надад чулуу шидэх шаардлага байгаагүй. Иргэн хүний хувьд тэнд зогсч байхад эмзэглүүштэй зүйл болж байсан гэд­гийг л түүнд хэлсэн.

-Тэгээд яаж яваад чулуу шидсэн болчихдог юм бэ. Бичлэг олдсон юм уу?

-“Зандаа, тэр яах вэ. Цаана чинь эх орон хэцүүдээд байхад чи хувиа бодоод арчаагүй юм яриад байх юм. Чи чинь эр хүн юм байгаа биз дээ. Хоёр чулуу шидсэн гээд би бичлээ. Хүн оносон үгүйг мэдэхгүй шүү дээ. Сүүлд нь үнэн зөвийг нь тогтоочихно. Үсрээд л чи 14 хоног сууна биз. Чулуу шидэж байсан бичлэг чинь байхгүй бол чамайг гаргаад л явуулчихна”  гээд өөрийнхөө бичсэн протоколд гарын үсэг зур гэсэн. Би ч “Зурахгүй. Та наадахаа өөрөө зохиогоод биччихлээ. Та хуулиа зөрчөөд байна” гэсэн. Гэтэл “Балайраад бай. Зүгээр гарын үсгээ зураадах” гээд байсан.

-Шүүх хурлын явцад, эсвэл прокурорт түүнийг нь хэлээгүй юм уу?

-Хяналтын прокурор Э.Энхтуяад хэлсэн. Байцаагч чинь ингээд байна гэж. Шалгаж өгөхийг ч хүссэн. Гэ­тэл урдаас “Бид хариуцлагатай ажил хийдэг хүмүүс. Ийм үлгэрийг та нар шиг юмнууд л зохиодог” гээд хал­гаа­гаагүй. Ийм л хариулт өгсөн. Шүүх дээр ч хүлээж аваагүй.

-Өмгөөлөгчгүй байсан юм уу. Иргэдийг буудсан хэрэгт холбогдсон цагдаа нарт зориудаар нэг өмгөө­лөгч өгсөн байсан. Та нарыг тэгсэн үү?

-Үгүй. Харин ч эсрэгээрээ. Намайг өмгөөлөгч авъя гэхээр “Өмгөөлөгчөөр яадаг юм. Юун сүртэй юм, чи. Битгий ажил удаад бай” гэдэг.

-Хэн?

– Намайг байцаасан хошууч н.Даваадорж. Тэгсээр байгаад Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээр ороод дөрвөн жилийн ял авсан.

-Шүүх хурал дээр ямар баримт, нотолгоог үндэслэж ял оноосон бэ?

-Ямар ч нотолгоо байхгүй. Нэг зүйлийг хэлэхэд саатуулагдаж, хориг­дож байхад маш хүнд нөхцөлтэй. Цагдаа нар хүн буудаад алчихсан байна гэх яриа гараад л… Энд, тэндгүй цагдаа нар хоригдож байгаа хүмүүсийг зодоод л. Зарим хүмүүс аргаа барахдаа өөрийнхөө усыг ууж байсан. Нэвширтэл зодуулсан, шархтай хүмүүс зөндөө байсан. Хажуугаар нь цагдаагийнхан “Та нар хэдэн цагдаа алсанаа мэдэж байна уу” гээд зандчиж сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулж байлаа. Тэнд байсан хүмүүст өөрийн эрхгүй эргэлзээ төрж, айдаст автаж байсан. Цагдаа нар ч “Чамайг буудна. Алчихна” гэх нь энүүхэнд байсан даа. Гэхдээ мөрдөн байцаагчид алдаа гаргаж болно л доо. Тэрийг нь прокурор залруулах ёстой. “Миний хэргийг цагаатга, хэрэг­сэхгүй болго” гэж би яваагүй. “Миний хэргийг сэргээгээд шударга шүүхээр шүүгээч” л гэж яваа.

-Өөрөө гэм буруугүй, хууль хяналтынхнын буруугаас болсон юм бол цагаатгуулах гэж явах ёстой юм биш үү?

-Тэгж болно. Гэхдээ шүүгч хү­нийг яллана, эсвэл цагаатгана гээд урьд­чилаад шийдчихсэн байж болох­гүй. Тиймээс би шударга шүүхээр шүүл­гэмээр байна. Шүүгч нарт өмгөө­лөгч маань буруугүйг минь нотолсон баримт гаргаад хэлэхээр “Дээрээс даал­гавартай байгаа юм” гэдэг.

-Хэн гэдэг шүүгч тэгдэг юм?

-Сая гавъяат шүүгч болдог н.Саран­туяа. Тэр хүн миний өмгөөлөг­чийг тэгж загнасан байсан.

– Тухайн үед албадан саатуулах төвд наад­маас өмнөхөн Хүний эрхийн үндэс­ний комисс очсон шүү дээ, УИХ-ын гишүүдтэй хамт. Тэгэхэд та нар нөхцөл байдлаа яагаад үнэнээр нь танилцуулаагүй юм бэ?

-Яг тэднийг очих үед 120-130 хүнийг гараашт хийгээд цоожил­чих­сон. Явсных нь дараа гаргасан юм. Хожим Хүний эрхийн комисст хандсан л даа.

-Үр дүнд нь юу хийсэн бол, тэд?

-Тэр байгууллагын “Хүний эрх зөрчигдөөгүй байна” гэх хариуц­лагагүй мэдэгдлээс болж 250 гаруй хүн ял авсан шүү дээ. Тэд сайн ажил­ла­сан бол олон зуун хүн ял авах байсан уу гэдэг эргэлзээтэй л асуудал.

-Та нарыг шалгалтынхнаас нуу­хын тулд машины гараашт хийж түгжсэн хэрэг үү?

– Тэгсэн. Гэтэл тэрийг ч мэдээгүй л хүмүүс шүү дээ. Бас сонгууль будилаан­туулсан гээд байсан хүмүүс хаашаа орчихов оо гэдгийг бодох л хэрэгтэй.

-Цагдаагийнхнийн зүгээс эрүү­дэн хэрэг хүлээлгэх, дарамтлах яв­дал байсан уу?

-Байцаалтын явцад хүний эрхэнд бүдүүлгээр халдаж байсан. Албадан саатуулахад байхад н.Даваадорж гэдэг нөхөр хуурах, сүрдүүлэх, айлгах бол энүүхэнд байсан.

-Юу гэж сүрдүүлдэг юм бэ?

-Өөрсдийнх нь бичсэн протоколд гарын үсэг зурахгүй гэхээр “Өөрөөр ярина” гэдэг. Тэр ч битгий хэл нэг байцаалтаас өмнө хоёр энгийн хувцас­тай хүн намайг “Иргэний хөдөл­гөөн дагаад яваад байдаг нөхөр мөн байна. Наадахтай чинь ярина” гээд л авч гараад гарыг ард гавлаад дээш өргөж, доош унагаагаад байгаа юм чинь. Тэрийг сүрдүүлэг л гэнэ биз дээ.

-Хацарт чинь үлдсэн сорви юунаас болсон юм бэ?

-Байцаалтаас үлдсэн сорви. Уруул ч сэтэрсэн.

-Тэр хүмүүс хаанахын хүмүүс байсан юм бэ?

-Өөрсдийнх нь ажилчид л байхгүй юу. Нэр усыг нь асуухаар “Чамд ямар хамаатай юм” гэдэг.

-Тэр талаар гомдол гаргасан уу?

-Гаргаагүй. Нэмэргүй гэж бодож байсан л даа.

-Тэгээд та гарын үсэг зурчихсан уу?

-Сүүлдээ аймшигтай залхсан. Тэгээд л зурчихсан. Гэхдээ би өөрс­дийнх нь хэлснээр гарын үсэг зурсны­хаа төлөө яллах дүгнэлт үйлдчихгүй байх гэж бодсон юм, тухайн үед. Өөртөө ч итгэлтэй байсан. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ болсон.

-Яллах гэж байгаа хүмүүс ямар нэгэн баримт гаргаж ирдэг л байх даа?

-Юу ч байхгүй. Миний элгээ тэвэр­чихсэн ганцхан зураг л хавтаст хэрэгт бий. Чулуу шидсэний биш шидээгүй байна гэдгийг нотолсон зураг шүү дээ/инээв/.

-Чулуу шидээгүй юм бол давж заалдахад чинь яагаад ялыг хэвээр үлдээсэн юм бол?

-Давж заалдах үед өмгөөлөгч маань “Чулуу шидсэн баримтаа гаргаад ир” гэхэд шууд нотлох барим­таар анхан шатны шүүхийн шийдвэрийг няцаагаагүй байна гэж үзэж, нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Ингээд би дөрвөн жилийн ял аваад Хэнтий аймгийн хорих ангид нутаг заагдсан. Дахиад давж заалдсан. Дээд шүүх анхан шатны шүүхийг буруутай байна гэж үзээд миний хэргийг ахиад сэргээсэн. Ингээд Ганцхудагт авчирч хорьсон. Ингэж явсаар 2009 оны гуравдугаар сарын 12-нд Хан-Уулын шүүх дахин худалдаж 2,3 жилийн ял өгсөн. Ингэхээр нь дахиж давж заалдаад өршөөлөөр хүмүүсийг суллахаас сарын өмнө суллагдсан. Нийт 11 сар суусан даа. Нэг юмыг л их гайхдаг. Ганц чулуу шидсэн охиныг хайсаар байгаад ял өгчихсөн хүмүүс яагаад хүн буудсан цагдаа нарыг зүгээр өнгөрөөчихсөн юм бол оо гэж…

Хэрэв би эрхээ сэргээлгэж чадвал надтай адил ял авсан олон хүнд хөндөгдсөн эрхээ сэргээлгэх итгэл төрнө. Энэ бол хэлмэгдүүлэлт байсан гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх ёстой шүү дээ. Түүний төлөө прокурорын бүх шатны байгууллагаар яваад дуусгасан. Эцсийн найдвар маань Ерөнхийлөгч. Түүнд дөрөвдүгээр сарын 28-нд, дахиад тавдугаар сарын 28-нд өргөдөл өгсөн. Нааштайгаар хүлээн авч уулзана гэдэгт итгэж байна.

-Танд баярлалаа.

Ярилцсан: Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж