Төсвийн тухай хууль алдаатай батлагдсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Төсвийн тухай хууль алдаатай батлагдсан гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдын тэмдэглэснээр 2014 оны төсвийн тухай хууль алдаатай батлагджээ. Учир нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар ирэх онд Монгол Улсын өр ДНБ-ний 40 хувиас хэтрэх ёсгүй. Гэвч өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүдэд тараасан 2014 оны Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгад ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байхаар тусгаж, алх цохисон нь алдаа дагуулаад байгаа аж.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн заалтыг мөрдүүлэх нь Ардын намын бүлгээс баримталсан гол байр суурь байсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад манай намын бүлгийн байр суурь баталгаажиж, Засгийн газрын санаачилсан хуулийн төслийг буцаасан. Гэтэл төсвийн эцсийн найруулга явагдах үеэр санаатай, санамсаргүй мэдэхгүй юм, өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байна гэж алх цохиулсан байна. Энэ бол маш ноцтой асуудал. Тамгын газар алдаа гаргав уу, эсвэл УИХ-ын удирдлагын зүгээс ийм зүйл хийв үү. Үүнийг тодруулах хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь УИХ-аар хэлэлцэгдээд унасан байхад яагаад 60 хувь гэсэн тоотойгоор эцсийн найруулгыг хийчихэв. Буруутай албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой. Хэрэв хууль засах ажлыг хэн нэгэн хүн хийсэн бол ямар хариуцлага хүлээдгийг бид бүгдээрээ мэднэ” гэсэн юм.

Үүгээр бол ирэх өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өрийн хэмжээг 60 хувьд хүргэх заалт оруулсан хүнийг хайх ажлыг эрчимтэй явуулах болж байх шиг байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж