“Хөөх шинэ сум нь баригдчихаж. Гэрэлтүүлэг нь яасан гоё юм бэ? Бараг л жижигхэн хороолол баригдчихсан юм биш үү” гэж Баянхонгор аймгийн Баянлиг сум ил гармагц дуу алдлаа. Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд “Шинэ сум” төслөөр баригдаж буй барилгын ажлын явцтай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй албаныхан өнгөрсөн амралтын өдрүүдэд /XI.23-24/ танилцсан юм. Өнгөрсөн зургадугаар сарын 20-дын үеэр ажил ид өрнөж байсан Баянлиг, Бууцагааны “Шинэ сум” төслийн ажил ерөнхийдөө өндөрлөх шатандаа оржээ. Шинээр барьсан сум гэрэл гэрэлтүүлэг тодорч, барьсан барилга нь эмх цэгцтэй тун өнгөтэй харагдаж байлаа.
-“Барилгын ажлын явц одоо 90 орчим хувьтай байна. “Шинэ сум” төслөөр нэг суманд есөн томоохон барилга баригдаж байгаа. Бид одоогоор Спорт заалаа барих ажил дээрээ явна. Спортны заалны барилгын материал урд хөршөөс нийлүүлж буй газар болон хил гаалийн очер түгжрээнээс үүдэн хойшилчихлоо. Гэхдээ бид аль болох шалтаг тоочилгүй хийх ёстой ажлаа хурдан шуурхай, найдвартай барих болно. Шугам сүлжээ, дулаан, бохир, цэвэр усны шугам сүлжээний ажил, явган хүний зам, гэрэлтүүлэг гээд дэд бүтцийн ажил бүгд дууссан. Одоо барилгын дотор засал, шугам сүлжээндээ холбох ажил үлдээд байна “гэж “Шинэ сум” төслийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Их Модун” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн ярьж байлаа.
Баянлиг суманд баригдаж байгаа сумын хэрэглээний усыг 1,6 километр зайтай гүний худгаас татаж байгаа юм. Тус сум нь говийн бүсэд орших тул тусгайлан усны хайгуул хийж, 160 орчим метрийн гүнээс авсан байна. Мөн шинээр баригдаж буй сумын тог цахилгааны асуудлыг дэд станц барьж шийдвэрлэсэн гэнэ.
“Шинэ сум” төслийн ачаар сум орон нутагт ажиллах, амьдрах тун таатай орчин бүрдэж байна. Нутгийн уугуул иргэд буцаж ирээч ээ. Нутагтаа сайхан амьдрах боломж нээгдэж байна шүү гэдгийг Баянлигийн зарим иргэд амьдралын эрхээр суурин газрыг зорьсон иргэд, сурч боловсрол эзэмшихээр нутгийн залуустаа дамжуулсныг үүгээр уламжилъя.
Манай улсын сумууд өдгөө 80, 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ч албан байгууллага, сургууль, цэцэрлэгийнх нь барилга байгууламжууд хоцрогдож, нурах шахсан төрхтэй байдаг. Урсгал засварыг жил бүр шахам хийдэг ч барилга нь угаас хуучирч муудсан тул сайжирдаггүй. Нэг үгээр бол бидний хойч ирээдүй болсон бага насны хүүхдүүд чанар муутай, аюултай орчинд сурч боловсорч байна.
Харин Засгийн газраас сумыг шинэчлэх бодлогоор “Шинэ сум” төслийг боловсруулсан нь Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумд ажиллах үеэрээ,
-“2013 оны улсын төсөвт Баянхонгор аймгийн хоёр суманд тэрбум төгрөгөөр суулгаж шинэ сумын төвийг барьж эхлүүлсэн. Бидний хувьд туршлага нэлээд дутагдлаа. Тэр тусмаа барилгын компаниудад. Манай улсад “Шинэ сум” төслийн ажлыг аваад ачаалалтай ажиллачих барилгын компани алга. Мөн холоос автомашинаар барилгын материлыг тээвэрлэж авчраад угсардаг болохоор зардал их гарлаа. Ер нь бол “Шинэ сум” төсөл хэрэгжиж буй Баянхонгор аймгийн хоёр суманд 26,4 мянган м.кв талбайд бүтээн байгуулалт хийсэн. Тэгвэл Улаанбаатарын төсвөөр бол 1 м.кв нь сая төгрөг гэж бодвол шинэ сумын төсөв 24 тэрбум төгрөг болохоор байгаа. Гэвч улсын төсөв 20 тэрбум төгрөгөөр суулгачихсан. Хөдөө орон нутагт буюу алслагдсан газар их хэмжээний мөнгө зарцууллаа гэх шүүмжлэл байдаг. Гэхдээ би үүний эсрэг байр суурьтай байгаа. Орчныг нь сайжруулаад эхлэхээр хөдөө орон нутагт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин ирэх боломж бүрднэ гээд олон давуу талууд бий болно. Шинэ сум төсөл хэрэгжих эхлэхэд төлөвлөлт дахин хийгдэж дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Ингэснээр хөдөө орон нутгийг орон сууцжуулах боломж бүрдэж байгаа. Шинэ сум төсөл ийнхүү ажилттай хэрэгжиж эхэлснээр хөдөө хотын ялгаа арилах, иргэдийн шилжилт хөдөлгөөн багасах болов уу гэж найдаж байгаа гэдгийг онцолсон юм.
“Шинэ сум” төслөөр сумууд цэвэр бохир усны шугамд холбогдож, нэгдсэн дулаанаар хангагдаж байгаа юм. Мөн сумын төвдөө нэг километр орчим явган хүний замтай, гэрэлтүүлэг, усан оргилуур бүхий цэцэрлэг хүрээлэнтэй юм. Мөн хүүхдүүдийн тоглоомын талбай, тусгай суудал, зүлэг бүхий хөлбөмбөгийн талбайтай гээд сайхан бүхнээр дүүрэн юм. Баянлиг, Бууцагаан сумдын хувьд спорт заалны барилгыг барьж, барьсан барилгуудынхаа дотор заслын ажлыг хийж байна.
Үүний дараа Баянхонгор аймгийн Бууцагаан суманд очсон. Нэг зураг төслөөр баригдаж байгаа болоод ч тэр үү Баянлиг сумаас ялгарах зүйл алга. Мөн л гаднах тохижилт, явган хүний зам, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн асуудлыг бүрэн хийж дуусгасан байна. Уурын зуух, цэвэрлэх байгууламжууд ажиллахад, усаа дамжуулахад бэлэн юм байна.
-“Бууцагаан сумын барилгын ажил ерөнхийдөө 80 орчим хувьтай байна. Ажлын явцын дунд барилгын материал хүлээгдэх зэрэг хүндрэл тулгарч байлаа. Одоо бол барилгын материалууд ирсэн. Дотор талын өнгөлгөөнд хэрэглэх хавтангууд хил дээр ирсэн байгаа. Ирэх оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна” гэж “Шинэ сум” төслийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгч “Ти Ти энд Би” /TT&B/ ХХК-ийн Ерөнхий захирал Г.Өсөхсайхан ярилаа.
Бууцагаан сум ус болон өндөр хүчдэл ойр учир Баянлиг сум шигээ холоос татаагүй гэнэ.
-“Бууцагаан сумын хүн ам нэг үе 4500 орчим байлаа. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйл болон сумын хоцрогдлоос үүдээд шилжилт ихэсч, хүн ам 3000 орчим болж цөөрсөн. Мөн манай сумаар баруун чиглэлийн төв зам дайран өнгөрдөг учир “Шинэ сум” төслийг хэрэгжүүлсэн. Ингэснээр хүн амын шилжилт хөдөлгөөн багасч, тогтвортой болж байна. Мөн энэ төслийн хүрээнд манай сумд шинэ ажлын байр бий болж байна. Шинэ сум ашиглалтад орсны дараа хуучин сумын барилгуудыг хувийн хэвшлийнхэн, хувиараа бизнес эрхлэгчдэд ажлын байр болгон өгөх төлөвлөгөөтэй байна” гэж Бууцагаан сумын Засаг дарга Ч.Энхдалай ярьж байна.
Амралтын өдөр болоод тэр үү Баянлиг, Бууцагаан сумд хөдөлгөөн тун бага байна. Мөн замын түгжрэл, утаа униар гэх асуудалгүй тун амар амгалан байлаа. Энд хүнийг бухимдуулах зүйл огт алга. Харин ч шинээр баригдаж байгаа сумдаа өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахсан гэсэн битүүхэн бодол тээдэг ажээ. Түүний нэг Бууцагаан сумд ёстой л насаараа галч хийсэн гагнуурчин мэргэжилтэй Б.Гончиг юм. Тэрээр шинэ сумдаа хүн бүр нэг мод тарихыг уриалж байна. Тэгвэл элсний хөдөлгөөнийг багасгаж, хамгийн багадаа шинэ сумын төвөө тоос шорооноос хамгаалах боломжтой гэдгийг хэлж байлаа.
Төрсөн нутагтаа очин, орчин үетэйгээ хөл нийлүүлэн ажиллаж амьдрахыг хүн бүр хүсдэг биз ээ. Ая тухтай орчныг бүрдүүлэх “Шинэ сум” төсөл, хот, хөдөөгийн ялгааг арилгах бодлого ийнхүү үр дүнгээ өгөхөд тун ойрхон байна. Бүтээн байгуулалт өрнөж буй хөдөө, сум орон нутагт тун амар амгалан, сайхан байна. Хамгийн наад захын жишээ гэхэд л Улаанбаатарчууд бидэнд өдөр бүр тохиолддог бухимдал алга. “Шинэ сум” төслийг хөгжлийн үр гэж нэрлэвэл хөдөөд тариад одоо нахиалж байна.
Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдад баригдаж буй шинэ сум ирэх оны нэгдүгээр сарын 25 гэхэд ашиглалтад орохоор ажиллаж байна.