Мөнгөний зах зээлийг хөгжүүлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Мөнгөний зах зээлийг хөгжүүлэх ёстой

Санхүүгийн зах зээлийн холбоо, “Томсон  ройтерс” Монгол дахь төлөөлөгч, Монголын банкны  холбоо  хамтран “Санхүүгийн зах зээлийн  хөгжилд жишиг хүүгийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт семинар зохион байгууллаа. Тус семинарт Их Британийн Банкны холбооны ерөнхийлөгч Жон Эван, Монгол дахь NIG банкны  Хөрөнгө оруулалтын банкны захирал  Ховард Ламберт тэргүүтэй албаны хүмүүс оролцож илтгэл тавилаа. Мөн манай улсаас 60 гаруй албаны хүмүүс урилгаар оролцсон юм. “Миний Монголд ирсэн  гол зорилго Монголын зах зээл дээр жишиг хүүг тогтооход өөрийн туршлагаа хуваалцах юм” гэдгийг Их баританий Банкны холбооны ерөнхийлөгч Жон Эван онцолж байлаа. Энэ үеэр үеэр  Санхүүгийн зах зээлийн холбооны захирал Ө.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Дээрх семинарийн гол ач холбогдлыг юу гэж үзэж байгаа вэ?

-Мөнгөний үнэ цэнийг тодорхой болгох юм л даа. Төгрөг  гэдэг валют маань ямар цэнтэй юм бэ гэдгийг тогтоох хэрэгтэй болно. Мэдээж олон ач холбогдлыг задлаад ярьж болно. Үүний нэг нь хөвөгч хүүтэй зээлийн асуудал. Монгол Улсад өнөөдөр хадгаламж, зээл нэг жилийн л хугацаатай байдаг. Яагаад ийм байдаг гэхээр урт хугацааны зээл аваад өнөөдөр үнийг нь буюу хүүг нь тогтоох гэхээр болдоггүй. Яагаад гэвэл  би өнөөдөр зээлийг  нэг хүнд 10 хувьтай өглөө гэхэд хоёр жилийн дараа хүү өсвөл яах уу.  Тэгвэл би алдагдал хүлээх болно шүү дээ. Тиймээс үүнээс хамгаалдаг ганцхан механизм бол хөвөгч хүүтэй зээл , хадгаламжийн асуудал. Өөрөөр хэлбэл хүү нь зургаан сар болоод өөрчлөгддөг.

-Юунд үндэслэж өөрчлөгдөх вэ?

-Зах зээлийн тухайн үеийн дундаж хүү дээр үндэслээд өөрчилнө гэсэн үг. Тухайлбал, өнөөдөр зээлийн хүү 23-24 хувьтай байгаа.  Зээлийн хүү ирээдүйд унах нь ойлгомжтой гэж бодож үзье л дээ.  Би 24 хувийн хүүтэй гурван жилийн зээл авч болохгүй нь. Харин түүний оронд хөвөгч хүүтэй зээл авах юм бол зээлийн хүү маань гурван сар тутамд өөрчлөгдөнө. Тэгэхээр ийм хөвөгч хүүтэй санхүүгийн  бүтээгдэхүүн зах зээл дээр бий болсноор урт хугацааны зах зээл бий болно. Урт хугацаатай болно гэдэг чинь хөгжлийнхээ зөв шат руу явж байна  гэж ойлгож болно. Мөн доллар төгрөгийн ханшийн эрсдлийг асуудлыг анхаарах байна. Ирээдүйд долларын ханш өсөх юм уу буурах юм уу.  Заримдаа өсвөл, буурвал  алдагдал хүлээдэг. Ирээдүйд ханш яаж ч өөрчлөгдөхөөс үл хамаараад  өнөөдөр тэр ханшийг түгжих мехнаизм хэрэгтэй. ҮҮнийг форпорд гэдэг. Форпорд  бүтээдэхүүнийг бий болгож үнэлэхэд банк хоорондын захын  банкны суурь хүү буюу UBIBOR чухал нөлөөтэй. Энэ нь ирээдүйн төгрөгийн үнэ цэнэ өнөөдөр хэд байх вэ гэдгийг тогтоодог механизм.  Ингэхийн бол гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхэд хөрөнгө оруулалтаа төгрөгөөр хийнэ. Тэр хүн чинь ирээдүйд төгрөгөө зараад доллар болгоно шүү дээ.  Гэтэл өнөөдөр төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн чинь дараа нь төгрөгийн ханш өссөн бол бага доллар болно шүү дээ.   Үүнийг хамгаалахын тулд форпорд зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхэд ус агаар  нь болдог зүйл бол суур хүүгийн асуудал юм. Мөн гадаадын санхүүгийн байгууллагууд Монголд  төгрөгөөр зээл өгөх асуудал. Төгрөгөөр зээл өгөхийн тулд түүний хүү хэд вэ гэдгийг мэдэх ёстой.  Нийт  Монгол Улсын хэмжээнд төгрөгийн хүү хэд юм бэ гэсэн асуулт тавихад хэлж чадахгүй. Тэгэхээр нэг л хүү гарч ирэх ёстой шүү дээ.  Энэ нэгдсэн хүү нь банк хоорондын  захын суурь хүү шүү дээ.

-Хөрөнгийн зах зээлийг яаж хөгжүүлэх ёстой вэ?

-Үүнийг хөгжүүлэхийн өмнө мөнгөний зах зээлийг хөгжүүлэх ёстой. Үүнийг нэг ч хүн ярихгүй байгаа.  Мөнгөний зах зээлийг хөгжүүлэхийн тулд ус агаар шиг хэрэгтэй зүйл бол банк хоорондын захын суурь хүү юм. Зах зээлийг төр биш, мэргэжилтнүүд хөгжүүлэх ёстой.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж