Зүүн Хойд Азийн хөгжлийн ирээдүйг өөрчилж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Зүүн Хойд Азийн хөгжлийн ирээдүйг өөрчилж чадах уу?

-Зүүн Хойд Азийн орнуудыг хамарсан яриа хэлэлцээний механизмыг буй болгох гэж энэ бүс нутагт багтдаг Япон төдийгүй АНУ хүртэл өмнө нь оролдож байсан. Тэгвэл Монголын талын санаачилгаар анх удаа Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгууллаа-

Зүүн Хойд Азийн орнуудыг хамарсан яриа хэлэлцээний механизмыг буй болгох гэж энэ бүс нутагт багтдаг Япон төдийгүй АНУ хүртэл өмнө нь оролдож байсан ч нааштай шийдэл олоогүй өнөөдрийг хүрсэн аж. Тэр дундаа төр, засгийн төвшний оролцоотой механизм үгүйлэгдэж ирсэн хэрэг…

Ер нь яагаад Зүүн Хойд Азийн орнуудыг нэгтгэсэн ямар нэг бүтэц шаардлагатай болсон, яагаад энэ нь дэлхий дахины асуудал болж хувирсан бэ гэдэг асуултыг эхлээд тавих нь зүй байх. Энэ бүс нутагт багтдаг Орос, Япон, Монгол, БНХАУ, Өмнөд Солонгос, Хойд Солонгос гэсэн зургаан орны хувьд нийтлэг нэг бэрхшээл оршиж буй. Эдгээр орнуудын хөгжлийн ирээдүйг нь байж болох боломжит төвшнөөс нь хойш татаж, чөдөр тушаа болж байгаа тэрхүү бэрхшээл нь товчхондоо хаалттай бүс нутаг-Хойд Солонгос юм. Тэр бүс нутаг үүдээ нээвэл Зүүн Хойд Азийн эдийн засгийн бүтэц хийгээд өсөлт өөр төвшинд хүрч, хөгжлийн хурд эрс өөрчлөгдөх боломжтой. Тэр тусмаа далайд гарцгүй Монгол Улсын хөгжилд тун эергээр нөлөөлөх үйл явц тэнд өрнөх учиртай аж.

Бүс нутгийн төдийгүй дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцааг дараагийн шатанд өөрчлөх чухал хүчин зүйл нь яах аргагүй Хойд Солонгосыг нээх явдал гэж геопилотикчид үздэг байна. Гэвч яаж гэсэн асуулт тулгамдсаар ирсэн төдийгүй шууд цэргийн хүчээр шийдвэрлэх бололцоогүй гэдгийг ч хүлээн зөвшөөрдөг. Энэ утгаараа дэлхийн халуун цэг болж буй Хойд Солонгос, цаашлаад хоёр Солонгосын асуудлыг дэлхий нийтийн тусын тулд өөрчлөх чармайлтыг Япон, АНУ гээд тэргүүлэгч гүрнүүд гаргасаар иржээ. Яг ийм үед Монголын талын санаачилгаар анх удаа Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан нь анхаарал татах алхам юм.

Зүүн Хойд Азийн орнууд төр, засгийнхний төвшиндөө нүүр тулж уулзалдсан, үүнийгээ байнгын ажиллагаатай болгоё гэдэг санаачилгыг дэмжсэн үр дүнтэйгээр өндөрлөсөн нь өнөө хүсээд байсан яриа хэлэлцээний механизмын суурийг тавьсан хэрэг болж буй. Анх удаа ОХУ, БНХАУ, Хойд, Өмнөд Солонгосын парламентын төлөөлөгчид нэг дор цугларсан нь анхаарал татах үйл явдал аж. Ялангуяа Хойд Солонгос төлөөлөгчөө ирүүлсэн нь санаандгүй зүйл биш, бодлогын алхам гэж харж байна.Ийм төвшний яриа хэлэлцээг зохион байгуулах нь амаргүй гэдгийг оролдож үзсэн талууд хамгийн түрүүнд ойлгож байгаа нь гарцаагүй.

Монголын тал үүнийг зохион байгуулах хичээл зүтгэлийг нэлээн эртнээс гаргаж,  “зөөлөн хүч”-ийг ашигласаар иржээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хавар Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр Зүүн Хойд Азийн зургаан орныг нэгтгэсэн яриа, хэлэлцээний механизмыг бүрдүүлэх талаар “Улаанбаатарын диалог” хэмээх санаачилгыг дэвшүүлэн гаргаж тавьсан юм. Үүнийг ажил хэрэг болгох талаар Гадаад харилцааны яам болон УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг хамтран ажиллаж, эмэгтэйчүүдээр дамжуулан энх тайван, хөгжлийн төлөө ажиллах нь илүү үр дүнд хүрч болох юм гэдэг шийдэлд хүрчээ. Энэ нь ч үр дүнд хүрч, эхний чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.Зургаан орны төлөөлөгчдийг нэг дор цуглуулахуйц нийтлэг эрх ашгийн асуудлыг чуулга уулзалтын сэдэв болгон сонгож чадсан нь ч харагдлаа. Эмэгтэй парламентчид бүс нутгийнхаа энх тайван, хөгжлийн төлөө илүү ихийг хийж чадна гэдэг итгэл төрүүлсэн энэ удаагийн уулзалтын үр дүн нь Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг үргэлжүүлэх санаачилга дээр нэгдэж чадсан явдал байлаа. Бүс нутгийн хөгжлийн ирээдүйг өөрчлөх “зөөлөн хүч”-ийг бүсгүйчүүд эхлүүллээ гэж хэлэхэд болох юм.

А.СҮНДАРИ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж