
Шинэ сумын төвийг яг хажууд тус тойргоос сонгогдсон УИХын гишүүн Х.Баттулгын дэмжлэгээр хүүхэд залууст зориулсан хөлмөмбөгийг талбай байгуулжээ. Сумын сурагчид уг талбайд л өнждөг талаараа баярлан ярьж байна билээ.
Баянлиг суманд 20 ортой хоёр давхар эмнэлэг, 620 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр,захиргаа, 250 хүний суудалтай спорт заалны барилгын гадна ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ. “Шинэ сум” төслийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Их модун” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн “Барилгын ажил бараг 90 хувь нь хийгдээд байна. Одоо зөвхөн дотор заслын ажил үлдсэн. Харин спорт цогцолборын барилгын материалын нийлүүлэлт саатаад 10 гаруй хоногийн өмнө орж ирсэн. Одоо угсралтын ажил хийгдэж байгаа. Дотор заслын материал эхнээсээ ирж байна. Тиймээс энэ ондоо багтаад шинэ сумыг хүлээлгэн өгнө” гэсэн юм. Одоогоос зургаахан сарын өмнө “Шинэ сум” төслийг эхлүүлэх гэж байхад хэн нэгний мөнгө угаах ажил хэмээн хардаж байсан хүмүүст Хонгор нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалт ёстой гэнэтийн бэлэг болж чадлаа. Суманд хийгдэж байгаа гээд өнгө үзэмжгүй, чанаргүй, нүд хуурсан зүйл тэнд огт алга. Инженерийн шугам, явган хүний болон авто замууд, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж чадсан байна.
Канад технологийн модон барилгын материалууд чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой нь гэдгийг олон улсад аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байдаг байна. Америк, Канадад баригдаж байгаа нийт барилгын 80-90 хувь нь уг технологоор барьдаг болсон гэдгийг шинэ сумын барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Ти Ти энд Би” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Цэдэнсодов онцолж байсан юм. Тэрбээр “Манай улс байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй энэхүү технологийг нэвтрүүлсэн 12 дахь улс болсон. Канад технологийн модон барилгад 70 жилийн чанарын баталгаа өгдөг. Тиймээс ч сумдын шинэ төвд баригдах барилга, байгууламжийн чанарын асуудалд эргэлзэх зүйлгүй. Бетонон барилга дотор амьдрахаас модон барилгад амьдрах нь хүний насыг найман жилээр уртасгаж өгдөг гэдгийг Японы судлаачид нотолчихсон байгаа” гэсэн юм. Төсвийн хөрөнгөөр ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр гүйцэтгэгч байгууллагууд нь хумслах зовлон байнга байдаг нь нууц биш. Гэтэл “Шинэ сум”-ыг барьж байгаа энэхүү Канад технологийн өөр нэг давуу тал нь барилгын материалаас “хулгайлах” ямар ч боломжгүй байдаг аж. Учир нь яг төлөвлөгдсөн хэмжээгээрээ бүх материал нь ирж угсрагддаг байна. Тиймээс стандарт шаардлага хангахгүй барилга баригдах вий гэж санаа зовох шаардлагагүй юм билээ. Энэ мэт шинэ суманд Монгол Улсад суманд анх удаа гэсэн тодотголтой олон зүйлийг дурдаж болохоор байсан юм. Тухайлбал, Шинэ сумын цэвэрлэх байгууламж нь хоногт 65 м3 усыг 90-92 хувийн цэвэршилтэйгээр гаргах аж. Улмаар тэрхүү шүүгдээд гарсан усыг зөвхөн ундны уснаас бусад бүх зүйлд хэрэглэх боломжтой болох юм байна. Гэхдээ сумын иргэд ногоон төгөл байгуулахад уг усыг ашиглах зорилготой байгаа гэсэн. Цахилгаан станцын хувьд шинэ сум болоод хуучин сумыг цахилгаанаар хангаад зогсохгүй цаашид өргөжин тэлсэн ч цахилгаанаар хангах бүрэн чадалтай юм билээ. Тиймээс Баянлиг суманд цаашид баригдахаар төлөвлөж байгаа орон сууцны хаусны хотгоныг ч цахилгаанаар хангах асуудалд толгой өвдөхгүй бололтой.
Монгол Улсын Засгийн газар хөгжлийг хөдөөгөөс харсан энэхүү “Шинэ сум” төсөл нь үнэхээр нүдээ олсон ажил болж чаджээ. Учир нь суурин газар руу шилжих иргэдийн шилжилт хөдөлгөөн уг төслийн ачаар багасах нь тодорхой болсон байна. Энэ талаар Баянлиг сумын Засаг дарга С.Амарсанаа “Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийн дагуу сумдыг хөгжүүлэх их бүтээн байгуулалт манай суманд эхлэн ид өрнөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд манай сумаас 325 хүн ажиллаж байгаа. Ингэж олон ажлын байр бий болсон тохиолдол өмнө байгаагүй. Өөрөөр хэлбэл, жилд 50-60 ажлын байр нэмэгддэг байсан бол энэ жил 325 ажлын байр нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс “Шинэ сум” төсөл дөнгөж бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байхад л бидэнд үр өгөөжөө өгч эхэлсэн. Шинэ сум баригдаж эхэлснээс хойш манай суманд Өмнөговь, Архангай гээд олон аймгаас иргэд шилжин ирж байна. Зэргэлдээх сумдаас ч, нийслэлд амьдарч байсан манай сумын иргэд ч олноороо шилжин ирж байгаа. Тиймээс Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэдээ нутагтаа буцаад ирээрэй гэж хэлмээр байна. Учир нь, нийслэлд байдаг бүх зүйл манай суманд бий болсон. Надаас гадна Монгол Улсын бүх Засаг дарга “Шинэ сум”-ыг бариулахыг хүсч, хүлээж байгаа. Гэтэл хамгийн түрүүнд манай сум сонгогдсон болохоор би их азтай Засаг дарга”гэлээ. Үнэхээр ч хүүхдээ сургах сургууль, цэцэрлэг, хэвтэж эмчлүүлэх эмнэлэг, спорт, соёлын төв, тохилог ажлын байр гээд залууст хэрэгтэй бүх зүйл нутагт нь бий болсон болохоор иргэд нутагтаа ажиллаж амьдрах сонирхол нэмэгдэх нь ойлгомжтой юм. Тиймээс их дээд сургуулиа амжилттай төгссөн залуус орон нутагтаа ажиллаж, амьдрахад ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо.
Баянлиг сумын иргэн Д.Оюун “Гудамж талбай, ойжуулалт, цахилгаан станц гээд орчин үеийн хотод байх ёстой тэр бүхэн суманд маань бий боллоо. Суманд маань ийм сайхан бүтээн байгуулалт хийнэ гэж ёстой зүүдэлсэнгүй явлаа.
Тиймээс би сумынхаа хөгжилд юу чаддагаараа тусалж байгаа. Сайхан сургууль, цэцэрлэгтэй болж байна. Хойч ирээдүй болсон хүүхдүүд маань сайхан тухтай орчинд өсч, хүмүүжих боллоо. Хуучин сургууль, цэцэрлэг, тамгын газрын байруудыг ашиглан сумын иргэдэд ажлын байр бий болгож өгнө гэсэн” хэмээн сэтгэл догдлон ярьж байлаа. Ингээд бид “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа дараагийн сум болох Бууцагаан сумыг зорьсон юм.
Шинэ сум төслийн ажлын явцтай танилцахаар очсон УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга: “2013 оны улсын төсөвт Баянхонгор аймгийн хоёр сумыг тус бүрт нь 10 тэрбум төгрөгөөр суулгаж шинэ сумын төвийг барьж эхлүүлсэн. Бидний хувьд туршлага нэлээн дутсан ялангуяа барилгын компаниудад. “Шинэ сум” төслийн ажлыг хийхэд тулгарсан хүндрэл гэвэл Монголд энэ хэмжээний ачаалал аваад уг төслийн ажлыг хийчих барилгын компани байхгүй байсан. Түүнчлэн холоос машинаар барилгын материалуудыг тээвэрлэн авчирч, угсарсан болохоор замын зардал нэлээн гарсан. Ер нь шинэ сумын ажил хийгдэж байгаа хоёр сум нийтдээ 26 мянга 400 мкв бүтээн байгуулалт хийгдсэн. Тэгвэл Улаанбаатарын төсвөөр бол 1 мкв нь сая төгрөг гэж бодвол шинэ сумын төсөв 24 тэрбум төгрөг болохоор байгаа. Гэвч улсын төсөв 20 тэрбум төгрөгөөр суулгачихсан. Хөдөө орон нутагт буюу алслагдсан газар их хэмжээний мөнгө зарцууллаа гэх шүүмжлэл байдаг. Гэхдээ би үүний эсрэг байр суурьтай байгаа. Орчныг нь сайжруулаад эхлэхээр хөдөө орон нутагт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин ирэх боломж бүрднэ гээд олон давуу талууд бий болно. Шинэ сум төсөл хэрэгжих эхлэхэд төлөвлөлт дахин хийгдэж дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Ингэснээр хөдөө орон нутгийг орон сууцжуулах боломж бүрдэж байгаа. Шинэ сум төсөл ийнхүү ажилттай хэрэгжиж эхэлснээр хөдөө хотын ялгаа арилах, иргэдийн шилжилт хөдөлгөөн багасах болов уу гэж найдаж байгаа” гэлээ.
Биднийг Бууцагаан суманд очиход мөн л орой болсон байсан ч шинэ сумын гэрэл чийдэн нь асчихсан сум гэж хэлэхээргүй сайхан харагдаж байсан юм. Бууцагаан сумын хувьд бүтээн байгуулалтын ажил арай удаашралтай байгаа аж. Энэ талаар “Шинэ сум” төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэгч “Ти Ти энд Би” ХХК-ийн Ерөнхий инженер Г.Өсөхсайхан “Барилгын гадна угсралтын ажил 80 хувьтай явж байна. Спорт цогцолборын барилгаас бусад бүх барилгын гадна угсралт дууссан. Спорт цогцолборын ажил 20 хоногийн дараа дуусчих байх. Тиймээс дотор заслаа хийгээд ирэх оны нэгдүгээр сарын 20 гэхэд шинэ сумыг хүлээлгэж өгнө” гэсэн юм. Бууцагаан сумын барилгын ажил ийнхүү удааширсан нь өмнө нь барилгын материал нийлүүлэлтээс болоод бага зэрэг саатсан байна. Шинэ сумын төвийг байгуулах барилгын материалыг Канад улсаас тээвэрлэж, БНХАУ-д угсран бүтээн байгуулалт өрнөж байгаа сумд руу 3000 гаруй км тээвэрлэн хүргэж байгаа ажээ. Барилгын ажлыг гүйцэтгэгчид энэ талаар ярихдаа ”Канадын амбан захирагчийг ирэх үеэр тус улсынмодон барилгын технологийг манай улс ашиглаж байгаа болон цаашид түүхий эд нийлүүлэх, үйлдвэр барих боломжийн талаар ярилцаж, ҮХАА-н сайд Х.Баттулга хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан гэсэн мэдээ зурагтаар харсан. Манайх өөрийн улсдаа энэ үйлдвэрийг нь байгуулчихвал, цаг хугацаа зардал хэмнэнэ, эхний хоёр суманд энэ бүтээн байгуулалтыг хийснээр үйлдвэр дээрх сургалт явагдаж, олон хүн мэргэжлийн чиг баримжаатай болж байна” хэмээн хэлэв.
Тус сумын хувьд одоогийн ажиллаж байгаа нутгийн захиргааны барилгынаа зарим өрөө тасалгааг суллан жижиг дунд бизнес эрхлэгчдээ ажлын байртай болгожээ. Бууцагаан сумынхаа хэрэгцээний нэлээд хэсгийг хангадаг 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талхны цех, оёдлын хоёр ч цех ажлын байр гэж санаа зоволгүй үйл ажиллагаа явуулж байна. Шинэ сумын төв ашиглалтад ормогц, одоогийн сургууль, эмнэлэг, захиргаа гэх мэт ашиглаж ирсэн байшингуудаа жижиг дунд бизнесийг дэмжих инкубатор төв болгож, бизнес эрхлэгчиддээ ажлын байр гаргаж өгөх гэнэ.