Мөрдөх албаны хууль дангаар хэрэгжих боломжгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Мөрдөх албаны хууль дангаар хэрэгжих боломжгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор Мөрдөх албаны тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц төслийг хэлэлцжээ. Эл хуулийн төсөлтэй холбогдуулж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тус бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн байна.

Дээрх хуулийн хүрээнд Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөх алба татан буугдах аж. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлэг зарчмын хувьд дэмжсэн. Ер нь энэ төрлийн мөрдөх, шалгах алба хэт олон байх нь зохисгүй, цомхон чадварлаг албууд байх ёстой гэж үзжээ. Тиймээс Цагдаа, Тагнуулын алба, Авлигатай тэмцэх газрууд Мөрдөх албатайгаа хэвээр үлдэх юм байна.

Гэхдээ энэ хуулийг УИХ-аас батлах бол Гэмт хэргийн тухай, Процессын тухай хуулийн төслүүдийг хамтад нь хэлэлцэн баталсан нөхцөлд Мөрдөх албаны тухай хууль бүрэн утгаараа хэрэгжих боломжтой болно гэж бүлгийн гишүүд үзсэн тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ.

Түүнчлэн тус бүлэг Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл дээр барьж буй бодлого хэвээр болохоо тодотголоо. Энэ нь бүлгийн зүгээс төслийг дэмжиж байгаа, гол нь алтанд ногдуулах татварыг бууруулахыг дэмжихгүй гэлээ.
Бүлгээр хэлэлцсэн гурав дахь асуудал нь Хилийн боомтын тухай хуулийн төсөл аж. Тус төсөлд Хилийн боомтын асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын мэдэлд байлгахаар тусгасныг зөв гэж үзсэн. Ингэхдээ Боомтын захиргаа тусад нь байгуулах замаар бие даасан бүтэц байгуулах нь зохистой юу, орон тооны бус зөвлөлөөр дамжуулаад шийдэх бололцоо байна гэж үзсэн юм байна.

Мөн тус бүлгийн гишүүд УИХ-ын байнгын хороодод авсан суудлынхаа тоогоор харьяалагдаж чадахгүй байгаа тул энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Харин цэцээс гомдлыг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн аж. Ийм шийдвэрийг гаргасан нь тухайн үедээ МАН-ын гишүүд өөрсдөө хүсэлт гаргаад байнгын хороодод харьяалагдах бололцоотой байсан хэмээжээ. Харин бүлэг “УИХ-ын сонгуульд нам, эвсэл ямар харьцааны суудал авсан байна, тэр хэмжээгээр байнгын хороонд харьяалагдана гэсэн хууль мөрдөгдөхгүй байгаа учраас дахин Үндсэн хуулийн цэцэд хандах нь зүйтэй” хэмээн үзсэн байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж