
Монгол Улс Үндсэн хуулиндаа “…Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн хуулиудад албадан хөдөлмөрийг хориглож, зөрчсөн этгээдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг тусгасанаас гадна 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид 2005 онд, 1957 оны Албадан хөдөлмөрийг хориглох тухай 105 дугаар конвенцид мөн 2005 онд нэгдэн орж, соёрхон баталсан билээ. Гэсэн хэдий ч Монгол Улсад албадан хөдөлмөр эрхлэлт арилаагүй хэвээр байна. Тухайлбал хорих анги, цэргийн ангиуд өндөр дэг журам шаардаж, тушаалаар үйл ажиллагаа явуулахдаа ялтан, цэргийн алба хаагчдын тодорхой эрх, эрх чөлөөг зөрчигдөх тохиолдол гарч байгааг ХЭҮК онцолж байна. ХЭҮК-оос явуулсан хяналт шалгалтаар цэргийн алба хаагчдаар өөр төрлийн ажил хийлгэх тохиолдол түгээмэл байгаа нь тогтоогдож байсан бол, хоригдлуудыг цалин хөлсгүй, хөдөлмөрийн үнэлгээ доогуур, хүсэл сонирхлоос нь гадуур албадан хөдөлмөр эрхлүүлэх зөрчил илэрч байжээ.