Ц.Мянганбаяр: Надад итгэхгүй бол шүүхэд ханд

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Ц.Мянганбаяр: Надад итгэхгүй бол шүүхэд ханд

Уул уурхайн яам Алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт  гарын үсэг зурлаа. Тус холбооны гишүүн “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас зарим зүйлийг тодруулан асуулаа.

-Санамж бичгийг үзэглэх болсны учрыг та хэрхэн харж байна вэ?

-Уул уурхайн салбар өнөөдөр бүхэлдээ зогсонги байна. Тэр дундаа алтны салбар эцсийн уналтын цэгтээ ирчихжээ. Төр засгаас алт үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаагүй гэж хэлж болно. Барилга, арьс шир, ноос, нүүрс гэх мэтийг илүү дэмжиж байгаа. Эдгээр салбаруудыг зардал өндөртэйд тооцдог. Алт үйлдвэрлэл нүүрсний салбараас ашигтай. 10 тонн нүүрсний ашиг, нэг тонн алтны ашигт хүрэхгүй байгаа. Өнөөдөр зах зээл дээр ам.долларын ханш 1750 төгрөгт хүрсэн. Хойшид ч өсөх хандлагатай. Ам.доллар 2000-д хүрлээ гэхэд гайхах зүйлгүй. Ийм нөхцөлд алтны салбараа дэмжихгүйгээр улс орны Эрдэнэсийн санг баяжуулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар ярих боломжгүй. Тиймээс алтаар баялаг улсын хувьд алт олборлогчдоо дэмжих нь зүйтэй. Үүнийг улстөрчид ойлгохыг хүсэхгүй байна.

-Алтны ил тод байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулиар татварыг 10 хувиас 2,5 хувь болгон бууруулахаар яригдаж байгаа. Татварыг ийн бууруулснаар хууль бусаар хил давуулж байгаа алтыг дотооддоо шингээх боломжтой юу?

-Энэ бол маш олон сар яригдсан зүйл. 2,5 хувийн татвар гэдэг бол дэлхийн улс орнуудтай харьцуулахад дундаж хэмжээ. Тиймээс татвар буурвал алтыг гадаадад гаргахаас илүү эх орондоо тушаах нь ашигтай болно.

-Энэ хуулийн төсөл дээр алт олборлогчид нэгдэж чадсан уу?

-Цөмөөрөө нэгдсэн. Одоо бид хөдөө орон нутгуудаар явж, олон нийтэд ойлгуулах тал дээр ажиллана.

-Татварыг бууруулахад компаниуд олборлосон алтаа Төв банкинд тушаах хүсэл эрмэлзэл бий юү?

-Байлгүй яахав. Алт хөтөлбөрийн үед бүгд Төв банкинд тушаадаг л байсан шүү дээ. Та нар бодоод үз л дээ. Таны 100 ам.долларыг аваад 90 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө өгвөл та банкинд солиулах уу. Алт чинь өөрөө валют шүү дээ.

-Хуулийн хөнгөлөлт үзүүлэхээр олборлолт нэмэгдэх үү?

-Алт тушаалт бол мэдээж нэмэгдэнэ. Олборлолтын тухайд хөрөнгө оруулалтаас шалтгаалаад нэмэгдэх боломжтой.

-Танай компани хэдий хэмжээний олборлолт явуулж байна вэ?

-Бид жилдээ хоёр тонн орчим алт олборлодог. Шинэ үйлдвэрлэлийн барилгыг Олон-Овоот болон Сэлэнгийн Ерөөгийн ордуудыг түшиглэн барьж байгаа. Ирэх жилээс шинэ үйлдвэрлэлийнхээ ашиг шимийг хүртэнэ дээ.

-Танай “Монгол газар” компани болон тантай холбоотой хэргийг УМБГ-т шалгаж байгаа тухай мэдээлэл байна. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Өвөрхангай аймгийн нутагт өнөөдөр маш олон жижиг аж ахуйн нэгж ажиллаж байгаа. Гэтэл манай компанитай холбоотой жижиг аж ахуйн нэгж туслан гүйцэтгэх ажил хийх болохоор шалгаад, эрүүгийн хэрэг үүсгээд  эхэлдэг нь гайхалтай санагддаг юм. Хуучин угаачихсан хаягдлыг алттай юутай хээтэй нь шороонд нь булаад хаях хэмжээний баян тансаг байдалд бид хүрчихээгүй байна. Тиймээс л хаягдлыг угааж байгаа. Асуудлыг хуулийн дагуу шийдэх биз ээ.

-“Жаст” компанийн Ш.Батхүүгийн хэргээс үүдэн Олон-Овоотын орд тойрсон асуудал сөхөгдөөд байгаа. Олон-Овоотын ордын нөөц үнэхээр батлагдсанаас доогуур байсан юм уу, эсвэл танай компанийг ээмшиж байх үед нөөц багассан хэрэг үү?

-Нөөцийг нарийвчлан тогтоохын тулд хөндлөнгийн олон улсын байгууллагуудад хандах учиртай л даа. Бид ч тэдгээрт хандаж нөөцөө баталгаажуулсан. Олон улсын стандартын дагуу нөөц хамгаалдаг компаниуд гэсэн үг л дээ. Үнэхээр Олон-Овоотын нөөцийн хэмжээ худал байсан бол тэдгээр байгууллагууд хариуцлага хүлээнэ, торгууль төлөхөд хүрнэ шүү дээ. Тус ордын нөөцөнд үл итгэсэн хэн ч байсан, “Жаст” ч юм уу,  Монголбанк ч бай Олон-Овоотын нөөцийг баталгаажуулсан компанийг шүүхэд өгч болно шүү дээ. 18 тоннын нөөцийг дөрвөн тонн гэж ярих хүн би биш. Тэдний нөөц хамгаалсан тайланг Ашигт малтмалын газар, Монголбанкинд хүргүүлсэн. Бидэнд итгэдэггүй юм бол олон улсын компанид л хандах байх даа.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж