Эвслийн бүлэг Сангийн сайдын мэдээллийг сонсчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Эвслийн бүлэг Сангийн сайдын мэдээллийг сонсчээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх гол гол хуулийн төслүүдийн талаархи байр сууриа нэгтгэсэн байна.

Эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн төслийн талаар бүлгээс байгуулагдсан ажлын хэсгээс мэдээллийг сонсчээ. Тодруулбал, дээрх хуулийн төсөл дээр анхаарал хандуулж, тусгайлсан ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Тиймээс бүлгээс байр суурь болгон барьж байгаа шийдэл хуулийн төсөлд хэр сайн орж байгаа талаар мэдээлэл авсан байна. Түүнчлэн Засгийн газрын байгууллага, агентлагийн удирдлагуудыг урьж, 2013 оны ажлын гүйцэтгэл ямар явж байгаа, 2014 оны ажлын төлөвлөгөө, ерөнхий дүр зургаа хэрхэн харж байгаатай танилцжээ. Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татвар ерөнхий газрын удирдлагуудын мэдээллийг сонссон байна.  2013 онд эдийн засагт тодорхой хүндрэл үүсч, төсөвт тодотгол хийсэн. Тиймээс "Шударга ёс" эвслийн бүлэг сүүлийн үед эдийн засгийн чиглэл рүү анхаарах хандуулах хэрэгтэй гэдэг байр суурьт нэгджээ.

2014 оны төсвийг хэлэлцэж байх үед Өрийн удирдлагын болон Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай оруулж ирэхээр Засгийн газарт чиглэл өгсөн бөгөөд "Шударга ёс" эвслийн бүлгийн өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Ч.Улаан Өрийн удирдлагын тухай хуулийн үзэл санаатай холбоотой мэдээлэл хийжээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж