АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Сангийн яамнаас мэдээлэл сонсохын сацуу цаг үеийн бусад асуудлыг хэлэлцжээ. 2014 оны төсвийн тухай хууль хэлэлцэж байх үед Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын өр хэд байгаа, цаашид хэрхэн вэ гэдэг нь тодорхойгүй байсан бөгөөд УИХ-ын зүгээс Өрийн удирдлагын тухай хуулийг шинэчлэн боловрсуулах санал гаргасан билээ. Үүний дагуу АН-ын бүлэг Сангийн яамнаас Өрийн удирдлагын тухай хууль боловсруулалтын явц болон Монгол Улсын одоогийн өр, цаашид ямар чиглэл барих талаар мэдээлэл сонссон байна. Сангийн яам Монгол Улсын өр, Засгийн газар түүний дотор хувийн хэвшил, төрийн байгууллагын өр зэрэг асуудлыг хязгаарлан, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд төрөөс ямар чиглэл баримтлах талаар тодорхой тусгасан байгаа юм байна. Сангийн яам ирэх арванхоёрдугаар сарын дотор Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулан өргөн барихаар төлөвлөжээ. АН-ын бүлгийн зүгээс Сангийн яамнаас боловсруулж буй дээрх хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд 2014 онд эдийн засгийн хөгжлийг тэлэх чиглэл рүү үзэл баримтлалаа болгож байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. Улс орны эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд тодорхой төвшинд хүргэхийн тулд үүнийг зайлшгүй шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Үүнтэй холбоотойгоор Өрийн удирдлагын тухай эрх зүйн тогтолцоог тодорхой болгох ёстойг АН-ын бүлгийхэн  дэмжиж байгаа гэв.

Үүний дараа АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар "Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалт болсон бөгөөд энэ үндэсний зөвлөлдөх уулзалтаар  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн саналуудыг гаргасан. Үүн дотор УИХ, Засгийн газрын чиглэлийн үйл ажиллагаагаар хийгдэх хуулийн саналуудыг гаргаж ирсэн. АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар энэ саналуудыг шуурхай хэрэгжүүлж, Монголын ирээдүй, нийгэм эдийн засгийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг бүхий заалтууд байгаа гэж үзсэн учраас бүлгийн дэд дарга С.Одонтуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Тодруулбал, тус ажлын хэсэг дээрхи хууль тогтоомжийг боловсронгуй болгоход 2014 оны хавар, намрын чуулганаар шуурхай шийдвэрлэж болох хуулийн жагсаалтуудыг хаанаас санаачилж гаргах вэ гэсэн ангиллыг гаргах юм байна. Тодруулбал, Ерөнхийлөгчөөс ямар хууль санаачлах, УИХ, Засгийн газар ямар хуулийн төсөл санаачлах вэ гэдэг жагсаалтыг нарийвчлан гаргах юм байна. АН-ын бүлгийн зарим гишүүдийн зүгээс бизнесийн орчинг эрүүл байлгах, эдийн засгийг тунгалаг болгохын тулд ямар эрх зүйн орчинг бий болгох ёстой вэ гэдэг дээр санал нэгдсэн. Өнөөдрийн байгаа бизнесийн орчин, түүнд үүсч байгаа хүндрэл бэрхшээлүүд яаж үргэлжилж болох вэ гэдгийг АН-ын бүлэг хэлэлцсэн байна. Ялангуяа  эдийн засгийн янз янзын нөхцөл байдал дээр хөндлөнгөөс тоглолт хийгээд байна уу гэсэн болгоомжлол нийгэмд өндөр байгаа юм. Тиймээс бизнесийн орчны тайван байдлыг хадгалах, эдийн засгийн орчныг тунгалаг болгож, эдийн засгийн бодлогын эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа гэдэг дээр, мөн тусад нь ажлын хэсэг байгуулахаар болсон талаар АН-ын бүлгийн дарга хэллээ. Ерөнхийлөгчийн санал болгосон хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлийн асуудлыг УИХ дахь бусад намын бүлэгтэй ойлголцож,  зөвшилцөж ярилцах асуудал бий. Үүн дээр Үндсэн хуулийн асуудал, төрийн байгуулалтын тогтолцооны эрх зүйн асуудлууд тусгагдаж байгаа учраас улстөрийн намуудтай зөвшилцөж бодлогын хүрээнд хийх ёстой гэлээ.

Үүний дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


– Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар санал солилцсон уу. Намын жагсаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

– Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгүүд тодорхой ийм зүйл заалт гарч ирж байна гэсэн саналыг бүлэгт оруулж ирээгүй. Он гармагц бусад намуудтай зөвшилцөөд энэ хуулийн төсөл рүү шамдан орно. Хамгийн гол зарчим нь парламентад суудалтай намууд энэ хуулин дээр нэгдсэн байр суурьтай болж байж, батлагдана. Тогтолцооны хувьд өнөөдрийн хэрэгжиж байгаагаар явах уу, байх уу гэдэг дээр эцэслэн шийдээгүй. Гэхдээ ажлын хэсэгт байгаа гишүүдэд ер нь пропорцональ, мажоритарийн тогтолцоог 50/50 хувь байхаар чиглэл өгсөн.

– Одоогийн мөрдөгдөж байгаа хууль зөрчөөд  Монгол Улсын нийт өр 49 хувь болсон гэдгийг эдийн засагчид онцолж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 60 хувьд хүргэх талаар хуульд тусгасан ч унасан. Үүнээс болж бүтээн байгуулалт зогсоно гэсэн байр суурийг ч илэрхийлээд байгаа?

– Өрийн удирдлагын тухай хууль Засгийн газрын өрийн  асуудал төсөвтэй холбоотой асуудлуудыг тодорхойлж гаргаж ирнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль улсын өрийг тодорхойлж байгаа юм. Ер нь Дэлхийн банкны зөвлөмж гаргаснаар, Монгол Улсын улсын өрийн хэмжээ 58 хувийн хязгаарлалт байхад эдийн засгийн эрсдэл хүлээхгүй гэсэн. Мөн өнөөдрийн байгаа 40 хувь нь улсын өрийн хэмжээ нь гаднаас зээл авах эрхийг хүчтэй хязгаарласан. Хүлээгдэж байгаа олон бүтээн байгуулалтыг зогсоох  байдал үүсгэсэн нь гарцыг хайхад хүрч байгаа юм. Бид Монгол Улсыг өрөнд оруулах тухай бус эдийн засгийг тэлэх, бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийх зааг ялгааны асуудал дээр үзэл бодлын зөрүү гараад байна гэж ойлгож байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулиудыг дахин харж үзэх ёстой гэдэг байр суурин дээр АН-ын бүлэг хэвээрээ байгаа. Тиймээс энэ асуудал дээр дахин улстөрийн  намуудтай зөвшилцөлд хүрэх шаардлага гарч байгаа юм.

– "Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн нэг гол байр суурь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг намууд авч үзэж, аль нэг тийш нь шийдвэрлэхийг сануулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийн давхар хаших нь буруу гэсэн санааг илэрхийлсэн. АН-ын бүлэг энэ асуудалтай санал нэгдэх үү?

– "Том төрөөс ухаалаг төр лүү" үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн санааг АН-ын зүгээс дэмжиж байгаа. Засгийн газрын гшүүн, УИХ-ын албыг давхар хашихгүй гэдэг дээр АН санал нэг байгаа. Харин энэ хуулийн хэрэгжилтийг дараагийн сонгуулийн үеэс эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, 2016 оны долдугаар сарын 1-ээс эхлэн үйлчилж эхэлнэ гэсэн зарчим баримталж байна.

– Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?

– АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт гаргасан байр суурин дээрээ байгаа. Хэзээ  хуралдаж, шийдвэрлэх нь УИХ-ын мэдэх асуудал.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж