Засгийн газраас өргөн төмөр замтай байх чиглэл өгсөн

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Засгийн газраас өргөн төмөр замтай байх чиглэл өгсөн

Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Тавантолгойн эргэн тойрны асуудлаар ойлголтоо нэгтгэж ярилцахаар өчигдөр сэтгүүлчидтэй уулзсан юм. Түүний ярьсан болон сэтгүүлчдийн асуултад өгсөн хариулт дотор сонирхол татахуйц олон баримт байсныг асуулт хариултын маягаар хүргэж байна.
-Тавантолгойн нүүрсний ордын ижил төрлийн бусад ордоос ялгарах онцлог юу вэ?
-Тавантогойн ордын нөөцийн 30 гаруй хувийг коксжих нүүрс эзэлдэг. Энэ бол дундаж тоо. Ордын аль хэсэг гэдгээсээ шалтгаалж 20-40 хувь хүрч мэднэ. Ийм нүүрс илчлэг сайтай, ган төмөрлөгийн үйлдвэрлэлд ашиглах бололцоотой. Ордын нөөц их. Ойролцоогоор 6,4 тэрбум тонн нүүрс энд байна. Тэндээс одоо Тавантолгой гэдэг орон нутгийн компани нүүрс олборлож БНХАУ руу гаргаж байна. Түүний 51 хувь нь орон нутгийн өмч, 49 хувь нь хувьцаа хэлбэрээр ашиглагддаг. Түүнээс нутгийн иргэдэд хувь болгож хүртээдэг.

Анх Тавантолгойн ордод BHB гэдэг гадаадын компани лицензтэй байжээ. Тэр компани тухайн үед ашиг муутай, нүүрсний үнэ хямд гэдэг шалтгаанаар зарсан юм билээ. Тэднийхээс “Энержи ресурс” лицензийг нь худалдаж аваад хоёр жилийн өмнө Монголын төрд шилжүүлж өгсөн. “Энержи ресурс”-д Ухаахудаг гэдэг хэсэг үлдсэн. Тэндээс нүүрс олборлож Хятад руу гаргаж байгаа. Одоо бол Тавантолгой 100 хувь төрийн мэдэлд байгаа орд.

-Тавантолгойг эхний ээлжинд хоёр хэсэг болгон ашиглах тухай УИХ-аар ярьсан. Энэ тухай тайлбар өгнө үү?

-Нэг хэсгийг дан Монголын компаниуд, иргэдэд, нөгөө хэсгийг гаднын болон Монголын талтай хувь нийлүүлсэн компаниудад ашиглуулахаар ярьж байна. Аль аль нь гурав, гурван тэрбум орчим тонн нүүрсний  нөөцтэй. Монголын компаниуд орох хэсэгт “Эрдэнэс МГЛ” компани орно. Арван хувийг нь Хөрөнгийн биржээр арилжаална. Энэ арван хувиас “Монгол 999” зэрэг компаниуд авах боломжтой юм. Дахиад 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд хувьцаагаар эзэмшүүлнэ.

-Тэр хувьцаа 1990 оны цэнхэр, ягаан тасалбар шиг үнэгүйдэх юм биш биз?

-Түүнтэй зүйрлүүлж болохгүй. Тавантолгойгоос гаргах хувьцааг эхний ээлжинд арилжаалж болохгүй. Одоогоор хэзээ гаргах, ямар нэрлэсэн үнэтэй байхыг тогтоогүй байна. Хэрэв арилжаалах, өв залгамжлуулах бол зөвхөн өрх дотроо хийнэ. Түүнээсээ алсдаа ногдол ашиг авах тийм хувьцаа байх юм.

-Намуудын амласан эх орны хишгийг хувьцаагаар хаах гэсэн хэрэг биш үү?

-Түүнээс тусдаа. Хувьцаа, намуудын амлалт хоёр өөр өөр асуудал. Эх орны хишгийг ч өгнө. Хувьцаа ч тараана.

-Тавантолгойн нэг хэсэгт заавал гадаадын компаниуд оруулах ямар шаардлагатай вэ?

-Ингэх дөрвөн үндэслэл байгаа юм. Нэгд, БНСУ, Японд нүүрс хүргэхийн тулд тээврийн хөнгөлөлттэй нөхцөл хэрэгтэй. Үүний тулд ОХУ, БНХАУ-тай харилцах шаардлагатай. Хоёрт, Тавантолгойгоос урьдчилгаа мөнгө авмаар байна. Гуравт, Төмөр зам, бусад дэд бүтэц хэрэгтэй. Түүнд хөрөнгө оруулалт шаардлагатай. Дөрөвт, хөрөнгө оруулах улсуудтай Монголдоо ашигтай зүйл хэлэлцэж тохиръё.

– Тавантолгойтой төмөр замын бодлого уялдаж байгаа.  Төмөр зам дээр Засгийн газраас ямар чиглэл барьж байгаа вэ?

– Нүүрсийг гол хэрэглэгчид нь БНХАУ, БНСУ, Япон. ХБНГУ бага зэрэг авч магадгүй. Тэгэхээр БНХАУ, эсвэл ОХУ-ын нутгаар дамжуулж байж л нүүрсээ гадагш гаргана. Тэгэхийн тулд төмөр замын шинэ чиглэлүүдийг барих хэрэгтэй. Эхний ээлжинд Тавантолгойгоос Сайншанд, тэндээсээ Баруун-Урт, Хөөт, Чойбалсан хүртэл зам тавина. Чойбалсангаас ОХУ-ын хил хүртэл социализмын үед уран зөөвөрлөж байсан мухар төмөр зам бий. Тэндээсээ БНХАУ-ын хилийг гадуур нь тойруулж явуулсаар нүүрсээ Ванино боомт хүргэж болно. Эсвэл Владивосток, Восточный гэсэн хоёр боомтод хүргэх үү гэж ярьж байгаа. Тэндээс БНСУ хүртэл 4000 км зайтай. Нэлээд дөхүүлнэ гэсэн үг. Эсвэл Тавантолгойгоос Сайншанд-Баруун-Уртаар дайруулж БНХАУ руу гаргах хувилбар байна. Сүхбаатарын Бичигт, Дорнодын Рашаант гэсэн хоёр боомтоор Хятад руу гаргаж болох юм. Тэндээс БНСУ, Япон манай нүүрсийг авах боломжтой. Нэлээд алсдаа Тавантолгой-Даланзадгад-Баянхонгор-Говь-Алтай-Завханы баруун хэсэг-Улаангом гэсэн чиглэлээр төмөр зам барьж ОХУ руу гаргах бодлого бас бий. Монгол Улсын төмөр замын хөгжлийн хэтийн төлөв энэ юм.

-Нарийнсухайтаас Хятадын хил рүү төмөр зам тавих уу?

-Нарийнсухайтын нүүрсний орд дээр “МАК”, “Чинхуа” гэсэн хоёр компани нүүрс олборлож БНХАУ руу гаргаж байна. Тэндээс Хятадын хил хүртэл 65 км. Одоогоор тэнд төмөр зам тавих шаардлагагүй гэж үзэж байгаа.

-Шинээр тавих төмөр замын цариг өргөн байх уу, нарийн байх уу?

-Монгол Улсын Засгийн газар бол одоогийн өргөн төмөр замтай нэг системд, бүгдээрээ өргөн байх ёстой гэсэн чиглэл өгсөн. УИХ-ын гишүүдийн байр суурь үүн дээр янз бүр байгаа. БНХАУ руу орох хэсэг дээр нарийн төмөр зам байх ёстой гэсэн гишүүд ч бий. Харин 100 хувь нарийн төмөр замтай байя гэсэн гишүүн байхгүй.

-Тавантолгойд хэдий хэр хөрөнгө хэрэгтэй вэ?

-Эхлээд дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ордыг 30 жил ашиглаж, жил бүр 30 сая тонн нүүрс олборлоно. Гучин жилд нэг тэрбум орчим тонн нүүрс ашиглахад 30 жилийн дараа ордын зургааны нэгийг л ашигласан байна гэсэн үг. Үүнд 15 тэрбум ам.долларын зардал гарна. Тээврийн зардалд 41 сая ам.доллар хэрэгтэй. Манай улсад 18 тэрбум ам.доллар татвар, төлбөр, хураамж хэлбэрээр орж ирнэ. 14 тэрбум ам.долларын ногдол ашиг гэх мэтээр нийт 30 гаруй тэрбум ам.доллар 30 жилд орж ирнэ.

-Уурхайд хэрэглэх усыг хаанаас авах вэ?

-Орхон голоос хоолойгоор татах, Сайншандын газрын гүний усыг ашиглах гэсэн төслүүд бий.

-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг яаж байгуулах вэ?

-Тэнд кокс-химийн, зэс хайлуулах, ган төмөрлөгийн зэрэг үйлдвэр байгуулна. Манай бас нэг том баялаг бол төмрийн хүдэр. Сэлэнгэ, Дарханы орчим төмрийн хүдрийн том ордтой. Хүдрийг төмөр замаар Сайншандад авчирч ган үйлдвэрлэж болно. Нефтийн үйлдвэр байгуулах ирээдүй бас байна. Бас Чойрын орчмын Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглүүлж хүрэн нүүрсээс эрчим хүч гаргах үйлдвэр байгуулна. Улаанбаатарын дөрөвдүгээр цахилгаан станцаас найм дахин өндөр хүчин чадалтай, 4800 мегаватт цахилгаан үйлдвэрлэх үйлдвэр барьж БНХАУ руу эрчим хүч нийлүүлнэ. Цаана нь уран гэж асар их баялаг байна. Ер нь Монгол Улс яг үсрэх гэж байгаа араатан шиг тийм үсрэнгүй хөгжлийн гараан дээрээ ирээд байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж