Монгол-Германы гүүр ТББ-ын дэргэдэх Герман хэл сонирхон суралцагчдад зориулсан “Гүүр” өсвөр үеийнхний клуб өчигдөр үүсгэн байгуулагчдын хурлаа амжилттай зохион байгуулжээ. Тус клуб нь Герман оронд амьдарч байсан болон герман хэл сурч байгаа хүүхэд залуучуудыг холбох, тэднийг дэмжих, өсвөр үеийнхний оролцоог нийгэмд идэвхжүүлэх зорилготой ажиллах юм байна.
“Гүүр” өсвөр үеийн клубыг герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Гёте сургуулийн энэ жилийн төгсөгчид болох сурагчдын зөвлөлийн ахлах гишүүн Б.Идэрболд, С.Начинзориг, Б.Уянга, Б.Тэнгис, Б.Бат-Эрдэнэ, Шинэ үе сургуулийн есдүгээр ангийн сурагч, сурагчдын зөвлөлийн дарга Б.Одмаа, Хумболдтын 38 дугаар сургуулийн төгсөгч Э.Өнөболд нар үүсгэн байгуулснаар Анхны долоо нь болжээ.
Энэхүү клубын бүх үйл ажиллагааг гишүүд болох өсвөр үеийнхний санаачлагаар зохион байгуулах бөгөөд герман хэл сонирхогч хүүхэд залуучууд, оюутнуудыг нэгдэхийг уриалж байгаа ажээ.
Д.ОЮУН