
Тамхины хяналтын тухай хуулийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсөл санаачилсан нь Л.Эрдэнэчимэг гишүүний эсэргүүцэлтэй тулаад байгаа юм. О.Баасанхүү гишүүн одоо хэрэгжиж байгаа Тамхины хяналтын хуульд тамхи татах цэгийг зааж өгөөгүй нь хууль хэрэгжих бололцоог хумьж байна гэж үзэн, энэ асуудлыг санаачилсан төсөлдөө тусгаж өгчээ. Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “О.Баасанхүү гишүүн Тамхины хуульд өөрчлөлт оруулах төсөлдөө тамхи татах цэг байгуулах заалт тусгасан гэж худал хэлээд 40 гаруй гишүүний гарын үсэг зуруулсан. Үүнд нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байраас 500 метрийн дотогш тамхи борлуулахыг хориглоно гэх заалтыг 100 метр болгон багасгах заалт туссан” гэж мэдэгдээд байгаа юм.
Гэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсаныг бодоход Тамхины хяналтын тухай хуульд алдаа байна гэж үзсэний илрэл болов уу. Тиймгүйсэн бол УИХ-ын гишүүд баталсан хуулиа дахин өөрчлөх гээд гарын үсэг зурна гэж юу байх билээ. Тэр тусмаа ямар утга агуулгатай төсөл болохыг мэдэхгүйгээр УИХ-ын гишүүд дэмжиж гарын үсэг зурсан гэдэг бол үнэмшихэд бэрх л сонсогдож буй.
Эцсийн дүндээ бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг нарын хэн нь хамгийн сайн хууль тогтоогч вэ гэдгийг үнэлэх хэмжүүр бол хэр сайн төсөл санаачлагч вэ гэдгээс л хамаарах болов уу.