Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Хайрт аав, өвөө, бидний хамгийн эрхэм дотнын хүн Ядамын Мөнхчулуун хүнд өвчний улмаас 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр таалал төгсөж, үр хүүхэд, ач үрс бидэнд нь  хүнд уй гашуу тохиолоо.

  Бидний аав Я.Мөнхчулуун нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. Бага наснаасаа эрдмийн мөр хөөж, хүний их эмчийн мэргэжил эзэмшин, 1964-1976 онд Налайх хотын нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, зүрх судасны эмч, ерөнхий эмч, Налайх хотын эрүүлийг хамгаалахын дарга, 1977-1991 онд Улсын үйлдвэрийн эмнэлэг, Мэргэжлийн өвчний улсын диспансерийн дарга, 1991 оноос тус төвийн зөвлөх эмчээр ажиллаж байсан юм. Энэ хугацаанд 1970 онд А.Л.Мясниковын нэрэмжит зүрх судасны институт, 1977, 1979 онуудад Москва хотын Эмч нарын мэргэжил дээшлүүлэх төв институт, Прага Варшав зэрэг хотын мэргэжлийн өвчний төвүүдэд удаа дараа дадлагажиж, мэргэжил дээшлүүлэн  энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эмч, багш, сурган хүмүүжүүлэгч, анагаах ухааны доктор цолтой эрдэмтэн байв.

Я.Мөнхчулуун нь Монгол улсын үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний албыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлст 40 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан, мэргэжлийн өвчин судлалын үндсийг тавьсан энэ салбарын анхны эрдэмтэн тул төр засгаас Монгол улсын хүний гавъяат эмч гэдэг эрхэм хүндтэй цолыг 2005 онд хүртээсэн юм.

 Аав маань залуу халуун насандаа тухайн нийгмийн дэг жаягаар эх орон, ард түмнийхээ төлөө цаг зав, эрүүл мэндээ хайрлалгүй зүтгэхдээ үр хүүхэд, гэр бүл  биднийгээ хором төдийд ч орхигдуулж байгаагүй юм. Талийгаач маань гурван хүүхэд, зургаан ач, зээ нарын ачит аав, буянт өвөө байсан бөгөөд Таны маань алдар гавъяа, ажилч хичээнгүй, нягт нямбай зан чанар, хүнлэг энэрэнгүй сэтгэл бидэнд үлгэр дуурайл болж, асаасан голомт, эхэлсэн үйл тань үр хүүхэд биднээр дамжин мөнхрөх болно.

Ум сайн амгалан болтугай  Хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд             

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж