Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамбыг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2013.11.24-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамбыг огцрохыг шаардав

МАХН-ын Бага чуулганаас өнөөдөр 40 гаруй гишүүнийг хасч оронд нь шинэ гишүүд томилсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус намын гишүүд дэмжигчдийн байгуулсан  Шударга ёсны төлөө анхдагчдын холбооны хурлын тэргүүлэгчдээс хандан “МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцрохыг шаардаад байна. Тэд мэдэгдэлдээ “МАХН нь Монгол эх орондоо шаардагдаж буй 5 хувьсгалт өөрчлөлтийг хийж, хөгжил дэвшилд нь 5 чанарыг нэмж, Монгол ард түмэнд учирч байгаа 5 гайхамшигтай тэмцэх чиглэлүүдийг намынхаа мөрийн хөтөлбөрт тусган, өнөөгийн нийгэмд зайлшгүй шаардагдаж байгаа улс төрийн, шударга ёсны, эдийн засгийн, хариуцлага ёс суртахууны, мэдлэг мэдээллийн 5 хувьсалт өөрчлөлтийг хийхийг зорин ажиллаж байгаа билээ.

Гэвч Шударга ёсыг дээдлэх дээдэс хууль завхруулахыг зогсоож, гишүүд  дэмжигчиддээ, нэр төр шударга ёсыг өгч, ард түмнээс МАХН-ыг хүндэтгэх дэмжих санал хүсэлт нь өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн сонгуулиудад үргэлж буурч ирлээ.

МАХН нь орон нутгийн сонгуулиар ард түмнээс 16.2 хувийн санал авч байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн сонгуулиар 6.2 хувийн-н санал авч ирсэн нь Монголын  ард түмэн, гишүүд, дэмжигчид МАХН-д итгэх итгэл нь буурсаар байна. Түүгээр ч үл барам өнөөдрийн намын удирдлага МАХН-ын шударга ёсны төлөө жинхэнэ сэтгэл зүрхнээсээ тэмцэж явсан гишүүд, дэмжигчдийг дотор нь хагалан бутаргаж, хувааж, үймүүлж, МАХН-ын удирдлагаас дүүргүүд болон орон нутгийн мянгат, зуутад болоод байгаа зайлшгүй ойрын хугацаанд шийдэх асуудлуудыг цаг хугацаанд нь шийдэхгүй явсаар өнөөдөр мянгатын хурлуудыг МАХН-ын төв хороодын ажилтангуудыг дагуулан ирж МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар эрх мэдлээ ашиглан бүх асуудлыг хайрцаглан мянгатуудын хурлуудыг хийж байгаа нь МАХН-д шударга ёсыг устгаж байна гэж гишүүд дэмжигчид үзэж байна.

Дүүргүүдээс Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дүүргийн МАХН-ын мянгат дээр 2013 оны зургадугаар сараас эхэлж намын дүрэм зөрчсөн, хууль зөрчсөн  асуудлууд олон удаа гарч энэ асуудлыг тухай бүрд нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын Хяналт ёс зүйн хороон дарга н.Давааням нарт албан бичгээр болон ирж учир байдлыг тайлбарлаж зөрчил дутагдлыг цаг хугацаанд нь таслан зогсоохыг шаардсаар арваннэгдүгээр сарын 20-н хүртэл явлаа. Энэ бүх асуудалд МАХН-аас анхаарал тавьж асуудал болгож авч хэлэлцэхгүй явсаар их хугацааг алдсан. Үүнээс болж намын гишүүн, дэмжигчдийн эрх зөрчигдөх, янз бүрээр хохирох асуудал Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын мянгат дээр их гарлаа.

МАХН-ын гүйцэтгэх товчоо нь хуралдахаа больж намын гишүүд, дэмжигчдийн хүсэлт, гомдлыг дүрмийн дагуу шийдвэрлэхээ байгаад удаж байна. Энэ асуудалд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар хариуцлага хүлээж, МАХН-ын сонгуульт ажлаас огцрохыг мэдэгдэж байна.

МАХН-д намынхаа нэрийг авч онц их хурлаар хуралдуулахын төлөө чин сэтгэлээсээ шударга ёсны төлөө тэмцэж явсан олон арван гишүүд, дэмжигчид өнөөдрийн намын удирдлагыг огцрохыг шаардаж, олон удаа ярьж, түүгээр ч барахгүй хэвлэлийн бага хурлыг 3 удаа хийлээ. Өнөөдрийн МАХН-ын удирдлага нь гишүүд, дэмжигчдийн санал хүсэлтийг хүлээж авдаггүй, өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт хийдэггүй дарга нар юм.

Энэ асуудлаас болж МАХН-ын төлөө анхнаасаа чин сэтгэлээсээ шударга ёсны төлөө тэмцэж явсан гишүүд, дэмжигчдийн төлөөлөл саяхан хуралдаж шударга ёсны төлөө анхдагчдын холбоо байгуулан ажиллах болсноо мэдэгдэж байна” гэжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж