Хамгийн гайгүй бэлтгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан байв. Тус газрынхан иргэний шинэчилсэн бүртгэлийг долдугаар сарын 1-нээс явуулж эхлэхтэй холбогдуулан төлөвлөгөө гаргаж долоо хоног бүрийн пүрэв гаригт ажлаа зөвлөдөг болжээ. Шинэчилсэн бүртгэлд улсаас найман тэрбум төгрөг гаргаж буй аж. Иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ чирэгдлийг багасгаж цахим хэлбэрийг нэвтрүүлэх юм байна. Бичиг баримтуудыг онлайн хэлбэрт оруулж буй аж. Нийслэлд 280 гаруй мянган иргэн хашааны газраа хувьчилж авснаас 100 мянга гаруй нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд хамрагдаагүй байна. Иймээс Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажлыг иргэдэд орйтуулж улсын бүргэлийн хөлс, хураамжийг бууруулахаар болжээ. Өмнө нь 128 төрлийн үйлчилгээнд тус бүр 500-1000 төгрөгийн хураамж авдаг байсныг 53 болгон цөөлж цэгцлэх юм байна. Нэг төрлийн үйлчилгээнээс нэг л удаа төлбөр авахаар зохицуулж буй аж. Эд хөрөнгийн бүртгэл дээр 21 төрлийн хураамжийг найм болгожээ. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийхдээ нийт дүнгийн 0,1 хувиар хураамж авдаг байсныг 0,05 хувь болгож бууруулснаар тухайлбал, нэг тэрбум төгрөгөөс 10 сая төгрөгийн хураамж авдаг байсныг таван сая төгрөг болгож бууруулах юм байна.
Стандартчилал, хэмжил зүйн газрын танилцуулга Тэргүүн шадар сайдад гологдсон тул сонсох шаардлагагүй гэсэн юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Д.Мандахын танилцуулснаар тус газар 1284 гэдэг утастай болж иргэдээс 100 гаруй гомдол санал хүлээн авч барагдуулжээ. Аж ахуйн нэгжүүдийг хэрэглэгчидтэй шууд холбох ажил зохион байгуулж Голомт, ХААН банк, “Мобиком” зэрэг байгууллагын улирдлагыг хэрэглэгчдийн төлөөлөгчидтэй уулзуулсан байна. Бизнест хамгийн их садаа болдог дүрэм журам, бичиг цаасыг хүчингүй болгох ажил хийж нийслэлийн Эрүүл мэндийн газарт шалгалт явуулан 20 гаруй бичиг, тогтоолыг хүчингүй болгожээ. Оюуны өмчийн газрынхан банкны системд оюуны өмчийн зүйлийг зээлийн барьцаа болгох зэрэг асуудлыг шийдүүлэхээр ярьж байгаа аж.
Гадаадын хөрөнгө оруулалтын газрынхан чөлөөт бүсүүдэд анхаарч Алтанбулагийн чөлөөт бүсд ОХУ-ын Буриад улсын албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж санамж бичиг байгуулжээ. Төсвөөс нийт 4,3 тэрбум төгрөгийг чөлөөт бүсүүдэд оруулах юм байна. БНХАУ-ын Засгийн газраас өгөх 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 50 саяыг Замын-Үүдийн дэд бүтцэд зарцуулахаар болж саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдлын айлчлалын үеэр гэрээнд гарын үсэг зурсныг хэлж байв.
Тэргүүн шадар сайд ажилдаа нухацтай хандахыг газрын дарга нарт анхааруулснаар уулзалт өндлөрлөлөө.
Д.ОЮУН