“Үндэсний супер лиг” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.23-нд нийтлэгдсэн

“Үндэсний супер лиг” нээлтээ хийлээ

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээж байсан 2013-14 оны улирлын “Үндэсний супер лиг” өчигдөр /XI.22/ Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Энэ удаагийн лигийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна. Сагсан бөмбөгийн дээд лиг болох “Үндэсний Супер Лиг”-ийг өнгөрсөн улирлын адил долоон баг бүрдүүлж байна. Гэхдээ өнгөрсөн улиралд доод амжилт үзүүлсэн “Эхлэл” баг хасагдаж, тэдний оронд “Спрайт супер лиг”-ийн өнгөрсөн улирлын аварга Б.Оросоо эзэнтэй, “Говь-Алтай-Мон торх” баг дэвшин орж иржээ. Тэмцээнийг нээж, МҮСБХ-ны ерөнхийлөгч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ үг хэлэв.

Сагсан бөмбөгт хайртай хөгжөөн дэмжигчидийн хүсэн хүлээсэн “Үндэсний супер лиг”-ийн нээлтийн өдрийн тоглолтууд тун өрсөлдөөнтэй болж, нэмэлт цаг сунгасан, эцсийн мөчид ялагч нь шийдвэрлэгдсэн тоглолтууд боллоо. Эхний тоглолт өнгөрсөн улиралд хүрэл медалийн төлөө тоглосон “УВС ЭРДЭНЭДРИЙЛИНГ РИГС” болон “УБ АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА ШУТИС-Н ХАРЦАГУУД” багуудын хооронд болж, үндсэн цагт 90:90-н харьцаатай тэнцсэн. Ригсийн бүрэлдэхүүнд энэ жил Ц.Мэргэн, Б.Төмөр гэсэн тоглогчид нэмэгдэж, мөн шинэ легионерууд авчирч, ихээхэн өөрчлөлт оржээ. Тэдний шинэ легионерууд болох Chris Moore, Corey Bethea нар тун сайн тоглогчид ирсэн гэдгээ харуулж, энэ тоглолтонд тус бүр 22 оноо, 15 самбар, мөн С.Өрнүүнбилэг 22 оноо, 13 самбар авчээ. Гэсэн ч Харцагуудаас багийн ахлагч Б.Одбаяр 35 оноо, 22 самбар, М.Цолмонхүү 20 оноо, П.Болортулга 17 оноо, 14 самбар авсанаар, нэмэлт цагт 109:102-р өрсөлдөгчөө буулган авлаа.

Нээлтийн өдрийн хоёр дахь тоглолт өнгөрсөн улиралд аваргын төлөө өрсөлдсөн “ДОРНОД ТАНАН ГАРЬД” болон” СҮХБААТАР SBL ХҮЛЭГҮҮД” багуудын хооронд боллоо. Аваргуудын хувьд өнгөрсөн улиралд гэмтэлтэй байсан С.Батбямба эргэн ирж, гараанд гарсан бол, дасгалжуулагчаар японы Акихеро Мизуно ажилласан. Тэднээс О.Ууганбаяр 20 оноо, Г.Ихбаяр 15 оноо авч багаа тэргүүллээ. Харин “Хүлэгүүд”-ийн энэ улирлын бүрэлдэхүүнд А.Бямбадорж нэмэгдэж эхний тоглолтондоо 22 оноо авсан бол, Б.Билгүүн 23 оноо, 12 самбар, зургаан блок хийж багаа тэргүүлжээ. Тоглолт тун өрсөлдөөнтэй болж, эхний хагаст Хүлэгүүд илүүрхсэн бол, сүүлийн хагаст “Гарьдууд” оноог тэнцүүлсэн. Харин тоглолтьн шийдвэрлэх үед “Хүлэгүүд”-ийн холын зайн шидэлтүүд, эгзэгтэй агшинуудад оновчтой болж, хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлийг сэргээсэн. Ингэснээр “Хүлэгүүд” 85:80 харьцаатайгаар улирлын эхний хожлоо авлаа.

Сэтгэл сэргээм сагсан бөмбөг “Үндэсний супер лиг”-ийн 1-р тойргийн тоглолтууд ирэх даваа гаригт 18.00 цагаас Спортын төв ордонд явагдана.





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж