Нийслэлийн 2014 оны төсвийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 2014 оны төсвийг хэлэлцэнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болж,  НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах тухай хэлэлцсэн юм.

НИТХ-ын 13 дугаар хуралдаан ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 28-ны пүрэв гаригт хуралдаж,  нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилтийн тайлан болон нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай асуудлыг хэлэлцэх аж. 

Мөн нийслэлийн өмчөөс 2007-2010 онд хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж баталсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах тухай, нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай, нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай, авто зам ашигласны төлбөр хураамжийн хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг НИТХ-ын ээлжит хуралданаар хэлэлцэх юм байна.

Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  Ажилтай, орлоготой Улаанбаатар хөтөлбөр болон “Иргэний оролцоотой төсөв – 2014” хэлэлцүүлгийн хүрээнд нийслэлийн иргэдээс авсан саналыг үндэслэн төсвийн төсөлд тусгасан талаар Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа онцолж байлаа.

Урьдчилсан байдлаар 2014 онд нийслэлийн төсөвт 853 тэрбум 712,7 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 556,4 тэрбум төгрөг нь хууль тогтоомжийн дагуу нийслэлийн төсөвт төвлөрөх төсвийн орлогын нэр төрлөөс, 48,8 тэрбум төгрөг нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилагдах шилжүүлгийн орлогоос, 248,5 тэрбум төгрөг нь улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоос бүрдэх юм байна. Нийслэлийн төсвийн бүтцийн орлогын 65,9 хувийг хувь хүний орлогын албан татвар, бусад нэр төрлийн татварын орлого 24,8 хувь, татварын бус орлогоос 8,0 хувийг, үлдэх 1.3 хувийг өмч хувьчлалын орлогоос бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Тэргүүлэгчид ирэх долоо хоногт дээрх асуудлыг хэлэлцэхээр дэмжсэн бөгөөд НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу НИТХ-ын хороодын хуралдаанаар  хэлэлцүүлэн санал авах байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж