
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргийн тангарагийн баярт Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, анги, байгууллагын захирагч, дарга нар, ахмад дайчид болон цэрэг дайчдын ар гэрийнхэн оролцсон. Тэд дугаар ангийн байрлал, “Дайчин алдарын танхим”, цэргийн байр зэрэг газруудаар орж, үр хүүхдийнхээ алба хааж, амьдарч байгаа орчин нөхцөлтэй танилцсан.
Энэ үеэр тус ангид Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багаас цэргийн жинхэнэ албанд татагдан ирсэн Сосорбарамын Хүрэл-Эрдэнэ,Хүрэлчулуун ихэр байлдагчид тангараг өргөсөн нь олны анхаарлыг татаж байсан юм.
Шинэ цэргүүд тангараг өргөх хүртэлх хугацаанд цэргийн анхан шатны мэдлэг эзэмших сургалтад хамрагдан, цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагаанд суралцаж, дотоодын цэргийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд бэлтгэгддэг байна. Тангараг өргөсөн дайчид тусгай хөтөлбөрийн дагуу анги, салбаруудын гүйцэтгэх үүргийн онцлогт тохирсон албанд дадлагажуулах сургалтад хамрагдсаны дараа улсын онц чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ.