-Энэ хэд хоног Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо аюулгүй байдлын салбартай холбоотой цуврал хурлууд зохион байгууллаа. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ арга хэмжээний ач холбогдлыг хүмүүст ойлгуулахын тулд би хоёр гурван зүйлийг хүмүүсээс асуугаад байгаа юм. Таныг хамгаалах үүрэгтэй цагдаа, тагнуул, цэргийн байгууллагууд таныг хамгаалж байгаа юу эсвэл тагнаж, мөрдөж мэдсэнээ өөр зорилгоор, магадгүй таны эсрэг ашиглаж байгаа уу. Хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж таны эрхийг зөрчиж, бидний татварын мөнгийг үрэн таран хийгээгүй гэдэг баталгаа танд бий юу гэж. Биднийг хамгаалах ёстой манаачийг хэн нэг нь манаж харж, буруу зүйл хийлгэхгүй байх арга бий юу гэсэн үг. УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороо энэ асуудлыг хөндөж УИХ-ын ажилтнууд, цэрэг, цагдаа, тагнуул гээд аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байгууллагын ажилтнууд, дээр нь сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудад дөрөв хоногийн сургалт хийлээ.
-Сонирхолтой асуудал байна. Ингэхэд таныг ч юмуу, намайг үнэхээр хэн нэг нь тагнаж чагнаагүй, нэг өдөр нэг хуулийн байгууллага намайг хилс хэргээр бариад явчихгүй гэх ямар баталгаа байна? Танаас өөрөөс чинь асуумаар байна?
-Уг нь манай Үндсэн хууль, бусад хуулиудад хүний эрхийг дээдлэх, хууль бусаар тагнаж чагнахгүй, хорьж цагдахгүй, хүн хэлмэгдүүлэхгүй байх зарчим хангалттай бий л дээ. Гэхдээ зохицуулдаг хуулиуд нь цоорхой маш ихтэй, хянадаг механизм нь ойлгомжгүй, маш сул байгаа. Иймээс намайг ч юмуу, эсвэл таныг цагдаа, тагнуулын байгууллага хууль бусаар тагнахгүй, хорьж цагдахгүй гэж баталгаатай хэлэх нөхцөл өнөөдөртөө Монгол Улсад байхгүй байна. Хэн ч хэзээ ч эрх нь зөрчигдөж, зүгээр явж байгаад хэлмэгдэх нөхцөл байсаар байна гэсэн үг. Хууль сахиулдаг байгууллагуудыг шинэчлэх гээд байгаагийн нэг гол шалтгаан энэ шүү дээ.
-Энэ сургалтыг зохион байгуулахад олон улсын байгууллагын хүмүүс оролцож байх шиг байна.
-Аюулгүй байдлын салбарт тавих ардчилсан хяналтыг бэхжүүлэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлдэг Женевт төвтэй олон улсын байгууллага бий. "Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв" гэж, 60 гаруй орны гишүүнчлэлтэй. Олон оронд, түүний дотор өмнө нь улс төрийн хаалттай тогтолцоотой байсан орнуудад аюулгүй байдлын салбарт хүний эрх дээдэлдэг, хүнээ хамгаалж чаддаг, үндэсний аюулгүй байдлаа хангаж чаддаг сайн засаглалыг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг байгууллага. Энэ байгууллагын дэд захирал, мөн экспертүүд нь ирж бидэнтэй хамтран сургалт хийж байгаа юм.
-УИХ дээр Мөрдөх албаны хууль хэлэлцэж байгаа нь хүмүүсийн анхаарлыг их татаж байх шиг байна. Тагнуулын аргаар гэмт хэрэг илрүүлдэг том байгууллага гарах нь гэж ойлгож байгаа. Зарим хүмүүс бас нэг хяналтгүй дураараа тагнаж чагнадаг байгууллага гараад ирэх вий гэж болгоомжилж байна. Энэ талаар таны бодол?
-Өнөөдөр аюулгүй байдлыг хамгаалдаг, гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагуудын талаарх хүмүүсийн ойлголтыг өөрчлөх, энэ байгууллагуудыг байх ёстой утгаар нь шинэчлэх асуудал их чухал болж байна. Юуны өмнө сэтгэлгээний асуудал. Аюулгүй байдлын салбарын байгууллагууд бид чухал ажил хийж байгаа учраас нууц, хаалттай байх ёстой, ийм эрхтэй гэж боддог хэвээр байна. Хүмүүс ч үүнийг нь зүгээр л зөвшөөрч энэ байгууллагуудаас дөлдөг хуучин тогтолцооны үеийн сэтгэлгээ арилаагүй байна. Ийм сэтгэлгээ цагдаа, тагнуул, цэргийн байгууллагуудын хаалттай хаалганы цаана хууль бус, хяналтгүй байдал даамжрах хөрс болж байгаа. Тиймээс хүмүүс шинэ Мөрдөх албанаас болгоомжилж байгааг би зүй ёсны хэрэг гэж харж байна.
-Тэгэхээр Мөрдөх алба үнэхээр хадны мангаа болохгүй гэх баталгаа байна уу.
-Манай улс 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчилж баталсан. Энд аюулгүй байдлын салбарт зөвхөн хуулийн дагуу ажилладаг, хүний эрхийг хамгаалдаг, ил тод ажилладаг сайн засаглалыг бий болгох асуудлыг онцолж тусгасан нь бодлогын том дэвшил болсон. Гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагууд үүнд хамаарна шүү дээ. Би хувьдаа Мөрдөх албаны хуулийн ажлын хэсгийн гишүүний хувьд Мөрдөх албаны хуулийг энэ бодлого, зарчимд нийцүүлж батлах, ялангуяа энэ байгууллагуудад тавих хяналтыг маш тодорхой хуульчлах талаар хатуу байр суурьтай байгаа. Хууль ингэж батлагдаж чадвал том шинэчлэл, дэвшил болно.
-Өнгөрсөн хавар Мөрдөх албаны хуулийг хэлэлцэх асуудал яригдаж байхад хуулийн байгууллага, тагнуулын байгууллагын хооронд багахан зөрчил үүсэх шиг болсон?
-Байгууллагуудын хооронд хэн нь ямар үүрэгтэй вэ гэдэг талаар байр суурийн зөрүү байсан. Одоо ч тодорхой хэмжээнд байгаа. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар энэ салбарын шинэчлэлийн бодлогыг уялдуулах ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие энэ ажлын хэсгийг ахалж, эдгээр байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Зөвхөн хууль зүйн яамны харьяа байгууллагууд биш, Тагнуулын байгууллага ч тагнуулын албаа шинэчлэх, ардчилсан нийгэмд зохицсон орчин цагийн мэргэжлийн алба болгож хөгжүүлэх шинэ хуультай болох талаар идэвхтэй судалгаа, эрэл хайгуул хийж байна. Би тагнуулынхан сайн ажиллаж байгаа гэсэн бодолтой, урамтай байгаа. Энэ байгууллагад дотоодод нь их нөөц бололцоо, өөрчлөх, шинэчлэгдэх хүсэл эрмэлзэл байгаа нь хамгийн чухал.
-Иргэд аюулгүй байдал, хууль хяналтын байгууллагыг хянана гэдэг сонсоход сайхан юм шиг мөртлөө бүтэхгүй л зүйл шиг сонсогдоод байна. Бусад ардчилсан орнуудад яаж хянадаг вэ?
-Иргэд хянаж болдог гэдгийг ардчилсан орнуудын жишээ харуулж байна. Тиймээс олон улсын сайн туршлагыг судалж, нэвтрүүлэхийн төлөө тууштай ажиллах ёстой, бид үүний төлөө зүтгэж байна. Хамгийн чухал хяналт бол парламентын хяналт. УИХ л аюулгүй байдлын салбараа ойлгож, хянаж сурахгүй, чадахгүй бол энэ улс оронд өөр хэн ч хянаж чадахгүй шүү дээ. Хянуулах гээд байгаа байгууллагууд чинь Засгийн газрын байгууллагууд. УИХ бол нэг талаас ард түмний төлөөлөл, нөгөө талаас Засгийн газарт хяналтаа тавих үүрэгтэй. Хуулийг нь батлахаасаа эхлээд л хяналтын механизмуудыг бий болгох нь чухал. Дараа нь төсвийг нь хянана гэдэг их чухал эрх мэдэл. Бас энэ байгууллагуудыг даргын томилгоог Ерөнхий сайд юмуу хэн нэг сайд дангаараа шийддэг биш, их хурал хэлэлцдэг болох ёстой. Цаашилбал энэ байгууллагууд хүний эрх, хуулийг ноцтой зөрчвөл УИХ үр дүнтэй хянан шалгах ажиллагаа явуулах боломжтой, чадвартай байх ёстой. Энэ бүхний хэлэхэд амархан, хийх хэцүү. Манай хуулиудад хяналтын механизм цоорхой ихтэй, тодорхойгүй байгаа. Хийх ажил их байнаа. Сайн зүйл гэвэл Үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүдээсээ эхлээд УИХ, Засгийн газрын түвшинд ийм шинэчлэлийг дэмжсэн таатай уур амьсгал бий болсон гэж би итгэж байгаа.
-Иргэд тэгээд яаж хянах юм бэ?
-Ганц нэг хүн гэхээс илүү иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн үүрэг их чухал. Манай иргэний нийгэм хэвлэл мэдээлэл бусад асуудлаар бол гайгүй дуу хоолойгоо гаргадаг. Харин аюулгүй байдлын салбарыг яаж хянах вэ, сэтгүүчид яаж энэ байгууллагуудыг яаж эрэн сурвалжлах боломжтой гэдэг талаар манайд ойлголт, туршлага бага харагддаг. Тиймээс бид Женевийн төвийн мэргэжилтнүүдийг урьж Нээлттэй нийгэм хүрээлэн дээр төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан сургалт зохион байгуулсан. Цаашдаа ч энэ ажлыг үргэлжлүүлэх болно. Удахгүй тодоорхой үр дүнгээ өгч эхлэх байхаа.
-Сүүлийн үед тагнуул явуулдаг байгууллагууд төдийгүй хувь хүмүүс, компанийн захирлууд хүртэл утас чагнах, тагнах хэрэгсэл ашигладаг гэсэн яриа их гарах болж. Монголд ер нь энэ талаар санаа зовоох зүйл их болсон юм шиг санагдаж байна?
-Ийм яриа хүмүүсийн дунд их байдаг. Олны үг ортой гэдэг дээ. Ер нь бол тагнуулын салбараа томоор харж, хууль, зохицуулалтын механизмаа, хяналт тавьдаг чадавхаа янзлах болсны том дохио. Уг нь бол хүнийг нууцаар мөрдөх эрхийг Монгол Улсын хуулиар хэдхэн байгууллагад л хяналттайгаар олгодог. Бусад нь бүгд хууль бус гэсэн үг. Шинээр боловсрогдож байгаа Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд бусдыг дураараа мөрдөж тагнасан, тэр ч бүү хэл өөрийнх нь зөвшөөрөлгүй нууцаар бичлэг хийж, хууль хяналтын байгууллагад аваачиж өгсөн хүн хүртэл хүний эрх зөрчиж хууль бус тагнах ажиллагаа явуулсан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байгаа. Ийм баримтыг гэмт хэргийн нотлох баримт гэж үзэхгүй.
-Та аюулгүй байдлын салбар гэж яриад байна. Хүнсний аюулгүй байдал хүртэл аюулгүй байдлын асуудал шүү дээ. Аюулгүй байдалд хамаагүй байгууллага гэж байна уу. Байдаг бол энэ байгууллагуудад тавигддаг нийтлэг шаардлага гэж байна уу?
-Тиймээ. Бид аюулгүй байдлыг цогцоор нь хардаг. Гэхдээ олон улсын жишгээр ч, манай хуулиар ч аюулгүй байдлыг хангахад тусгай үүрэгтэй байгууллагууд гэж бий. Товчдоо амгалан тайван амьдралын баталгааг хангахад хамгийн гол үүрэгтэй цэрэг, тагнуул, цагдаа, онцгой байдлын байгууллагуудыг хэлж болно. Энэ байгууллагуудыг нийтэд нь төрийн тусгай алба гэж нэрлэж, төр тусгай эрх мэдэл, цалин хангамж олгодог. Гэхдээ энэ бол илүү эрх дарх олгосон гэсэн үг биш. Хэцүү ажил хийдгийнх нь төлөө л онцолж үзэж байгаа хэрэг. Нэг талаас энэ байгууллагууд улс орон, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэх чадвартай байх ёстой. Нөгөө талаас үндэсний аюулгүй байдлыг хангаж байна гээд, гэмт хэрэгтэй тэмцэж байгаа нь энэ гээд дур зоргоороо хүний эрх зөрчих эрх энэ байгууллагуудад байхгүй. Тэд бидний төлсөн татвараар цалинждаг. Тиймээс л бидний төлөө ажиллаж байгаа эсэхэд нь байнга хяналт тавьдаг, үүнийгээ тайлагнахыг нь тэднээс шаарддаг байх ёстой юм. Энэ байх ёстой эрүүл зарчим.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин