Киргизстанаас 80 мянган узбек иргэд дүрвэжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Киргизстанаас 80 мянган узбек иргэд дүрвэжээ

Киргизстанд угсаатан хоорондын мөргөлдөөн даамжран бүс нутгийн асуудал болж хувираад байна. Киргиз, узбек иргэдийн хооронд гараад байгаа олон хүний аминд хүрээд байгаа үймээнд өртсөн иргэдэд зориулж Киргизстан хүмүүнлэгийн корридор гаргах хэрэгтэй гэж НҮБ-ын албаны хүмүүс ярьж байна. Одоогоор 80 мянга орчим хүн төрөлх гэрээ орхиж дүрвээд байгаа бөгөөд хүмүүнлэгийн гамшиг болж байна гэж Олон улсын улаан загалмайн байгууллага мэдээлж байна. Өнгөрсөн баасан гаригаас хойш Киргизстаны 75 мянга гаруй дүрвэгч иргэн Узбекистаны хилээр нэвтрээд байна гэж Улаан загалмай тооцоолж байна.
Олон мянган узбек иргэд хэдийн хил давсан хэдий ч дахиад олон арван мянган хүн хил давахаар хил дээр бөөгнөрөөд байна. Өнгөрсөн пүрэв гаригийн орой Киргизийн зүүн бүсэд оршдог Ош хотод эхлэн улмаар Жалал-Абад хот болон эргэн тойрны хот, бүсүүдэд дорхноо түгэн газар авсан хүчирхийллээс болж одоогоор 138 хүн амь үрэгдэж, 1458 хүн шархдаж бэртсэн байна гэж Киргизстаны төрийн хэвлэлийн “AKI Press” агентлаг мэдээлсэн. Гэвч энэ нь дарсан тоо, ганц оршуулгын газарт 100 гаруй хүнийг оршуулсныг албаны хүмүүс нь харсан гэж Улаан загалмай ярьж байна. Ош хотод ойролцоогоор 500 орчим узбек угсаатан алагдсан гэж орон нутгийн хэвлэлийн агентлаг мэдээлж байна. “Нас барсан хүмүүсийн бараг хагас нь бууны суманд амь үрэгдсэн бол үлдсэн нь бороохой, төмөр саваа, чулуу зэрэг мохоо зүйлсээс авсан гэмтлийн улмаас амь үрэгджээ” гэж албаны хүмүүс тодруулаад байна.
Тус улсын хоёр дахь том хот болох Ош хотод олон байшин шатсаар байгаа бөгөөд узбекчуудын амьдардаг байсан дүүрэг, байшин, дэлгүүр, худалдааны төвүүдийг сүйтгэж, устгасан байна. Черемуши дүүрэгт буун дуу сонсогдсоор байна. Хотоос дүрвэж байгаа иргэдийг нисдэг тэргээр нисэх онгоцны буудал руу хүргэж байна. Ош хотод хуулийн байгууллагынхан дэг журам тогтоосон гэж мэдэгдсэн ч тус хотын төвд буун дуу тасрахгүй, хүчирхийлэл ойрын хугацаанд зогсоно гэх найдлага алга байна гэж Ош хотоос “BBC” агентлагийн Рейхан Демитрий мэдээлжээ. Энд онц байдал зарлан нэмэлт цэрэг, цагдаагийн хүч илгээгээд байгаа. Киргизстаны өмнөд бүсийн зарим мужид энэ сарын 20-ныг хүртэл оройн зургаан цагаас өглөөний зургаан цагийн хооронд хөл хорио тогтоож байгаа талаар тус улсын Засгийн газар мэдэгдсэн.
Киргизстан 1864 онд Орост нэгдсэн бөгөөд 1991 онд салан тусгаар тогтносон. Алт, нүүрс, газрын тос, байгалийн хийгээр баялаг. Хятад, Казахстан, Тажикстан, Узбекстантай хил залгадаг. ДНБ нь 11.6 тэрбум ам.доллар. Өмнө нь Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Киргизстан нь 5.5 сая хүн амтай бөгөөд тус улсын урд мужид нэг сая орчим узбек иргэд амьдардаг нь үндэстний цөөнхөд тооцогддог. Киргизстаны хүн амын 70 хувийг киргизүүд, 15 орчим хувийг узбекууд бүрдүүлдэг. Узбек гаралтай иргэд зүүн мужийн Фергана хөндий хавиар амьдардаг. Ош хот тус улсын хоёр дахь том хот гэж тооцогддог ба энэ хотод узбек иргэд олноороо амьдардаг. Өмнө нь угсаатны асуудлаас болоод Киргизстаны зүүн өмнөд бүсийн аюулгүй байдал хэд хэдэн удаа хурцдаж байсан түүхтэй. 1990 онд Ош хотод киргиз иргэд, узбек иргэдийн хооронд цуст мөргөлдөөн гарч хэдэн зуун хүн амь үрэгдэж байсан. Энэ удаагийн зэвсэгт үймээн Засгийн газрын хувьд шийдэх ёстой хамгийн том асуудал болоод байна.
Ош хотруу очдог замд узбек тосгон байдаг бөгөөд тосгоноо хамгаалж буй иргэд нь үүгээр явж байгаа автомашинууд руу гал нээж байна. Жалал-Абад хотод орон нутгийн узбек, киргиз иргэдийн удирдагч нар хоорондоо хэлэлцээр хийсэн ч байдал түгшүүртэй байна. Киргиз залуучууд байшингаас байшингийн хооронд нэгжиж узбек угсаатныг хайж байгаа бөгөөд өөрсдийн буун дээрээ “Узбек хүн таарвал буудах болно” гэж бичсэн байна гэж “АКИпресс” агентлаг дамжуулж байна. Мөн олон тооны хүн хулгайлсан, хүчирхийлсэн явдлууд гарсан бололтой.
Энэ бослого хүчирхийллийг түлхэгдэж унасан ерөнхийлөгч Курманбек Бакиевыг дэмжигчид зохион байгуулж байна гэж Киргизстаны түр засгийн газар мэдээлээд байна. Бакиев одоо эх орноосоо дүрвэн Беларуст байгаа бөгөөд түүнийг дэмжигчид Киргизстаны зүүн бүсэд их байдаг. Гэсэн ч энэ хүчирхийлэлд өөрийг нь холбоотой гэснийг Бакиев үгүйсгэж байна.
Ош болон Жалал-Абад хотуудад орон байрууд шатаж байна гэж нүдээр харсан гэрчүүд ярьж байна. НҮБ-ын Хүний эрхийн комиссар Нави Пиллэй “энэ аллагууд санамсаргүй гэмт хэрэг биш, зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй байна. Үүнийг баталж чадахгүй ч тийм уур амьсгал ажиглагдаж байна” гэж ярьсан байна.

Хүмүүнлэгийн гамшиг болж байна


Узбекстантай хиллэдэг хил дээр ирсэн узбек гэрчүүд Киргизийн зэвсэгт бүлэглэлүүд айл хөршүүдийг түйвээж, айлаар орон хүмүүсийг нь буудан алж орон гэрийг нь шатааж байна гэж ярьж байна. Нэг эмэгтэй “Надад хүнс, ус хэрэгтэй байна. Хүүхдүүд маань жаахан, ус, хүнсгүй хэцүүдэж байна. Бид гэрээ орхиод дүрвээд явж байна” гэж “BBC” агентлагийн сурвалжлагчид ярьжээ. “Цаг өнгөрөх тусам дүрвэгсдийн байдал болон аюулгүй байдлын асуудал улам хүнд болж байна” гэж Киргизстан дахь Улаан загалмайн байгууллагын дэд дарга Северин Чаппаз ярьж байна.
НҮБ-ын дэд дарга ноён Паско Киргизстаны асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулсан бөгөөд ямар нэг яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. “Дүрвэгсэд хил давсан ч, даваагүй ч бид тэдэнд яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй. Узбекстан нэмж дүрвэгсэд авахад нь тусламж үзүүлэх хэрэгтэй байна” гэж мэдээлсэн. Үүний хажуугаар Узбекстан хилээ хаах гэж байна гэсэн мэдээ тархаад байна.
АНУ Киргизстанд 800 мянган ам.долларын хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж Бишкек хот дахь Элчин сайдын яамаараа дамжуулж мэдэгдсэн байна. Түүнчлэн 200 мянган ам.долларын яаралтай болон эрүүл мэндийн тусламжийг хэрхэн хүргэх вэ гэдэг асуудлаар АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд Киргизийн түр засгийн газрын албаны хүмүүстэй ярилцаж байна. НҮБ Узбекстаны хилийг нэвтэрч орсон дүрвэгч иргэдэд яаралтай тусламж үзүүлэх тусламж явуулсан байна. Киргизстанд АНУ-ын цэргийн дамжин өнгөрөх бааз байрладаг бөгөөд энэ баазаар дамжиж АНУ-ын цэргүүд Афганистан руу очдог. Мөн тус улсад Оросын цэргийн бааз байдаг ба олон улсад ач холбогдолтой байгалийн хийн хоолой тус улсыг дамждаг.
Киргизстаны түр засгийн газар бослогыг дарахын тулд тусгай албаны ажилтнууддаа эсэргүүцэл үзүүлсэн босогчдын эсрэг галт зэвсэг хэрэглэх эрх өгснөө Ням гаригт мэдэгдсэн. Киргизстаны Засгийн газар Ош хот болон Жалал-Абад мужид байрлаж байгаа тусгай албаны цэргүүддээ галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл олгосон байна. Түүнчлэн зэвсэгт бүлэглэлүүдтэй тулалдахын тулд хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласан байна. Энэ нь дөрөвдүгээр сард тус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиевыг түлхэж унагаснаас хойш болж  буй хамгийн том иргэний үймээн юм.
Хэрвээ Киргизстаны Засгийн газар албан ёсоор тусламж хүсэхгүй бол Орос энэ асуудалд хөндлөнгөөс нь оролцохгүй гэж мэдэгдсэн. Гэвч олон улсын тусламжгүйгээр Киргизстаны удирдлагууд энэ бослого, мөргөлдөөнийг өөрийн дотоодын хүчээр зохицуулж дийлэхгүй бололтой харагдаж байна гэж олон улсын мэдээллийн агентлагын сурвалжлагч нар газар дээрээс нь мэдээлсэн.
Киргизстаны түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева үндэсний телевизээр үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевт хандан цэргийн тусламж явуулаач гэж хүссэн талаар мэдэгдсэн. “Ош мужийн нөхцөл байдал бидний хяналтаас гараад байна. Тэдэнтэй хэлэлцээр хийх гэсэн оролдлогууд бүтэлгүйтлээ. Тэд тонон дээрэмдэж, түйвээх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Бид энэ зэвсэгт үймээнийг дарахын тулд гадны тусламж авах хэрэгтэй байна” гэж ярьжээ.
Харин Москва энэ талаар өөр байр суурьтай байна. “Москва одоогийн нөхцөлд цэрэг илгээх бэлтгэл байхгүй. Харин хүмүүнлэгийн тусламж илгээж болох юм. Энэ бол тус улсын дотоодын асуудал учраас энэ асуудалд Москва хөндлөнгөөс оролцох хэрэггүй гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлын талаар ерөнхийлөгч Медведев бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын бусад гишүүдтэй ярилцах болно” гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч эмэгтэй Наталъя Тимакова мэдэгдсэн байна. Даваа гаригт Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн Киргизстан, Орос, Армен, Беларус, Казахстан, Узбекистан, Тажикстаны төлөөлөгчид Москва хотод уулзалдаж хямралын асуудлаар хэлэлцлээ гэж РИА-Новости агентлаг мэдээлсэн. Турк улс тус бүс нутагт байгаа иргэдээ нүүлгэн шилжүүлэхэд зориулж хоёр онгоц илгээж байгаагаа мэдэгдээд байна. Ням гаригт цөөн тооны Киргизстан, Узбекстан иргэд Цагаан ордны гадаа жагсаж хямралыг шийдвэрлэхэд ерөнхийлөгч Барак Обамаг оролцохыг уриалсан байна. Тавь гаруй хүн “Аллагыг зогсоо”, “Киргизстанд энх  тайвныг тогтоо” гэсэн бичиг барьж жагсчээ. АНУ болж байгаа үйл явдлыг ажиглаж байгаа бөгөөд “Ош хот болон бусад бүс нутагт богино хугацаанд тайван байдал тогтоох хэрэгтэй” гэж уриаллаа.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж