Ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн 800 гаруй тоглолт, хэдэн зуун гоолын дараа ирэх жил Бразилийг зорих 32 багийн нэр тодорлоо. Өмнөд Америк тивд болох ирэх жилийн тэмцээнд аль хэсэгт ямар багууд өрсөлдөхийг тодруулах сугалааны арга хэмжээ арванхоёрдугаар сарын 6-нд болно. Дэлхийн аваргын түүхэнд аваргын цом өргөсөн найман баг Бразилийг зорих эрхээ төвөггүй авсан ч Өмнөд Америкийн өрсөлдөөний талбарт Европын баг тэргүүлж байсан удаагүй.
ДАШТ 2014 оны зургадугаар сарын 12-нд Бразилийн Сау-Паулу хотноо эхэлж, аваргын төлөөх тоглолт долдугаар сарын 13-нд Рио-де-Жанейрод болно.
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой тоон мэдээллийг News.mn танд хүргэж байна.
- 0: Босния-Герцеговина улсын шигшээ багийнханд дэлхийн аваргын дэвжээнд хийсэн тоглолт гэж үгүй. 1992 онд тусгаар тогтнолоо олж авсан энэ улс сонгон шалгаруулалтад 10 тоглолтоос наймд нь хожсоноор анх удаа дэлхийн аваргыг зорих эрхтэй болоод байна.
- 5: Дэлхийн аваргыг нутагтаа хүлээн авах Бразилийн шигшээ баг ДАШТ-д таван удаа түрүүлсэн.
- 12: 2014 оны ДАШТ-ий тоглолтууд Бразилийн 12 хотод болно. Тодруулбал, Белу-Оризонти, Бразилия, Куяба, Куритиба, Форталеза, Манаус, Натал, Порту-Алегри, Ресифи, Рио-де-Жанейро, Сальвадор болон Сау Паулу.
- 36: Сонгон шалгаруулалтын шатанд Германы шигшээ баг хамгийн олон буюу 36 гоол оруулжээ.
- 59: 1998 оны дэлхийн аваргаар шөвгийн наймд шалгарч, оргил амжилтаа үзүүлж байсан Камеруны шигшээ баг энэ удаад дэлхийн аваргын цом өргөх Хар тивийн анхны улс болох зорилго өвөртөлжээ. FIFA-гийн дэлхийн чансаанд 59 дүгээрт эрэмбэлэгдсэн тэд Бразилийг зорих хамгийн доогуур чансаатай баг юм.
- 86: 1950 онд Бразильд болсон ДАШТ-ий финалын тоглолтод талбайн эзэн Бразилийг буулган авсан Уругвайн багийн ялалтын гоолыг оруулсан Альсидес Гижа өдгөө 86 настай.
- 145: Өмнөх ДАШТ буюу 2010 онд Өмнөд Африкт болсон тэмцээний үеэр нийт 145 гоол хаалганд оржээ. Энэ нь ДАШТ 64 тоглолттой формат руу шилжсэнээс хойшхи хамгийн цөөн гоолтой тэмцээн болсон билээ.
- 245: 2010 оны дэлхийн аваргын төлөө өрсөлдсөн Испани болон Голландын шигшээ багийн тоглолтыг дэлхийн 245 телевиз шууд дамжуулан үзүүлжээ.
- 990: Ирэх жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтын хамгийн хямд үнэтэй тасалбар 440 ам.доллар бол хамгийн үнэтэй 990 ам.доллар ажээ.
- 2,898: ДАШТ-ий сонгон шалгаруулалтын үеэр шүүгчид нийт 2898 шар хуудсаар тамирчдыг торгожээ.
- 3,000: Бразилийн хамгийн хойд захын хот Боа Вистагаас өмнөд захын хот Порту Алегри хүртэл 3000 бээр зайтай.
- 18,449: 2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-ий үеэр сайн дурын 18449 ажилчин ажиллажээ.
- 390,600: Өмнөд Африкийн ДАШТ-ий үеэр тэмцээн болсон цэнгэлдэхүүдээ нийт 390,600 ширхэг хотдог худалджээ.
- 750,000: 2010 оны ДАШТ-ий цэнгэлдэхийн дотор гэхэд л 750 мянган литр шар айраг борлуулжээ.
- НЭГ САЯ: ДАШТ-ий хэсгийн тоглолтууд болох Порту-Алегри хотод оршдог дэлхийн алдартай Патуст нэг сая гаруй мод байдаг гэнэ.
- 2,4 САЯ: Аргентиний шигшээ багийнхны бэлтгэлийн бааз байрлах Белу-Оризонти хот 2,4 сая оршин суугчтай.
- 6,15 САЯ: ДАШТ-ий тасалбарын захиалгын эхний шатанд хөлбөмбөг сонирхогчид нийт 6,15 сая хувь тасалбар захиалжээ. Нийт захиалгын 70 гаруй нь Бразилиас хийгдсэн байна.
- 317 САЯ: ДАШТ-д өсрөлдөх эрхээ авсан 32 багаас хамгийн том гүрэн болох АНУ 317 сая хүн амтай.
- 3,2 ТЭРБУМ: 2010 оны ДАШТ-ийг зурагтаар үзсэн хүмүүсийн тоо 3,2 тэрбумд хүрчээ. Энэ нь дэлхийн нийт хүн амын 46,4 хувь нь ажээ.