Жилийн дараа Ираны сөрөг хүчин аядуу байна

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Жилийн дараа Ираны сөрөг хүчин аядуу байна


Өнгөрсөн жил Нима Исламын аюулгүй байдлын албаны ажилтнуудад гурван удаа зодуулж, нүдүүлсэн. Азадех харин удаа дараагийн гудамжны жагсаалд оролцож цагдаагийн хүчний эсрэг тэмцэж муур хулгана болсон. Ехсах, Кианоош нар чимээгүй байхаас татгалзсан. Зургадугаар сарын 12-нд Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн нэг жилийн ой болж байхад нэрээ хэлэхийг хүсээгүй дээрх дөрвөн иргэн жилийн өмнөхөөс арай өөр байр суурьтай байна. Азадех, Нима нар дахин гудамжинд гарч эсэргүүцнэ гэж байгаа бол Ехсан, Кианоош нар холоос ажиглана гэж байна. “Энэ бол айдас. Би айхгүй байна гэж хэлж чадахгүй. Гэсэн ч бид үргэлжлүүлэхээс өөр аргагүй” гэж Тегеран хотод банкны теллерээр ажилладаг Азадех ярьсан. Жилийн өмнө болсон ерөнхийлөгчийн сонгууль маапаантай болсон нь Исламын бүгд найрамдах улсад өргөн хэмжээний эсэргүүцэл өдөөсөн бөгөөд үүнтэй холбоотой их хэмжээний хүчирхийлэл гарсан нь Иранд сүүлийн хэдэн арван жил гараагүй үзэгдэл юм.
Ерөнхийлөгчийн шинэчлэл хийхийг уриалсан Мир Хоссейн, Муссави, Мехди Карруби нар өнөөдөр Ногоон хөдөлгөөн болж хувираад байгаа бөгөөд тэд өнгөрсөн оны зургадугаар сараас хойш ардчилал, эрх чөлөөний төлөө жагсаал цуглаан хийсээр байна. Эсэргүүцлийн хөдөлгөөний хоёр удирдагч хоёулаа 1979 онд Ираны хувьсгалыг удирдсан Аяатолла Рухолла Хомейни нарын дэмжигчид байсан бөгөөд тэд өнөөдөр сонгуулийг хууль бусаар явуулж, эсэргүүцэгчдийг хүч хэрэглэн дарж байгаа удирдагчдын эсрэг дуу хоолойгоо сонсгосоор байгаа юм.
“Сонгуулийн өмнө манай нийгмийн тал хувь нь энэ тогтолцоонд итгэж байсан. Харин сонгуулийн дараа хүмүүс манай энэ систем ард түмнийхээ эсрэг ямар зэрлэг хүч хэрэглэж байгааг олж харсан” гэж их сургуулийн судлаач 30 настай Нима ярьж байна. Хэдэн долоо хоногийн өмнө Муссави, Карруби нар зургадугаар сарын 12-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулъя гэж эсэргүүцлийн бүлгүүд, шинэчлэлийн намуудад уриалга гаргасан. Гэвч жагсаал болохоос 48 цагийн өмнө жагсаал хийхээ цуцалж байгаа болон Исламын Засгийн газар жагсагчдыг хүч хэрэглэн тараахаар бэлтгэж байгааг мэдээлсэн.
“Хуучныг баримтлагчид, дарангуйлагчид ямар ч гэм зэмгүй, өөрсдийгөө хамгаалах бололцоогүй иргэдийг хүч хэрэглэн довтлох гэж байгааг бид мэдсэн. Бид хүмүүсийг илүү бага хохирол гаргаж, илүү үр дүнд хүрэх арга замаар өөрсдийн хууль ёсны эрхээ хамгаалахын төлөө зогсоосой гэж хүсч байна” гэж Муссави, Карруби нар пүрэв гаригт мэдэгдсэн. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхнийг хүмүүс ногоон далбаа барин гудамжинд жагсч дэмжицгээсэн. Жагсаал нийслэл Тегеран болон бусад хотуудад болсон юм. Гэвч энэ оны хоёрдугаар сарын 11-нд Ираны аюулгүйн албаныхан хүч хэрэглэн дарсан. Түүнээс хойш жагсаал цөөрсөн бөгөөд цаашид эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн ямар үр дүнтэй арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. “Тэдний тэмцэл үр дүнгүй өнгөрөөгүй” гэж 30 настай блогчин Кианоош ярьж байна. Жагсаалд оролцож байсан түүний гэрт энгийн хувцастай тусгай албаныхан ирж түүнийг хайжээ. Түүнээс хойш тэр найзынхаа гэрийн подволд 27 хоног нуугдсаны дараа нэг хүнд 500 ам.доллар өгч Иранаас хил давж чадсан байна.
“Гол нь хүмүүс айдсаасаа салж байна. Энэ дэглэмийг эсэргүүцэхээс айхаа больж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн эхний үед хүүхэд шиг байсан бол одоо аажмаар өсч өөр болж байна. Цааш тэмцэхийн тулд заавал хүч хэрэглэх шаардлагагүй” гэж тэр ярьжээ.
31 настай Ехсан  инженер, яруу найрагч. Ираны эрх баригчид түүнийг байн байн дуудан байцааж, “Исламыг эсэргүүцэж, Засгийн газрын эсрэг шүлэг бичиж байна” гэж буруутгаж  байсан тул тэр Ираныг орхиж гарсан. Өнгөрсөн жилийн сонгуулиас хойш Ираны иргэд өөрсдийн амьдарч буй дэглэмийн талаар илүү их мэддэг болсон. Үнэндээ эсэргүүцэгчид өөрсдийнх нь эсрэг хүч хэрэглэсэнд төдийлөн цочирдоогүй. Ахмадинежадын Засгийн газар жагсаал цуглаан хийж эсэргүүцсэн бүх хүмүүсийн эсрэг хүч хэрэглэх болно гэж амласан. Өнгөрсөн зун болсон жагсаалаас хойш олон мянган хүн баривчлагдсаны дотор хууль тогтоогчид, улс төрийн зүтгэлтнүүд, орон нутаг, олон улсын сэтгүүлчид, кино найруулагчид, гадаадын иргэд багтаж байна. Олон зуун хүнийг “хувьсгал хийхээр оролдсон” гэж яллаж шүүх хурлаар оруулжээ. 11 хүнд цаазаар авах ял оноож, заримынх нь ялыг гүйцэтгэжээ. “Сөрөг хүчнийхэн одоо байгаа улс төрийн засаглалыг шинэчлэгдэнэ гэж найдах хэрэггүй. Энэ системийг тэр чигт нь солих хэрэгтэй” гэж Вашингтон хотод байрладаг Америкийн “Интэрпрайз Инститют” хүрээлэнгийн судлаач Али Алфоне ярьж байна.  Тэр Ираний иргэд болон хувьсгалын хамгаалагчдын хоорондын харилцааг судалдаг юм.
Засгийн газрын нэг хүчтэй тал нь сайтар зохион байгуулагдсан аюулгүйн албатай бөгөөд энэ хүчээ ашиглан жагсагчид, эсэргүүцэгчдийн эсрэг тэмцдэг. Ираны Хувьсгалыг хамгаалах корпусыг Исламын хувьсгалын дараа шинэ Засгийн газарт учирч болох бүхий л аюул заналын эсрэг тэмцэхээр байгуулсан. Гэвч одоо тэр анхны чиг үүргээс хамаагүй давж гарсан үүрэг гүйцэтгэж байна гэж АНУ-ын Гадаад харилцааны зөвлөл дүгнэжээ.
Сонгуулийн дараа болсон жагсаалуудын үеэр Ираны тусгай албаны хагас цэрэгжсэн сайн дурын хүчнийхэн болох Басижийнхан жагсагчдыг мотоциклоор хөөж, тэдэн рүү довтолж байв. Сонирхогчийн авсан видео бичлэг дээр энгийн хувцас өмссөн Басижууд бороохой барин жагсагчдыг цохиж нүдэж байгаа харагддаг. Түүнчлэн Исламын дэглэм сөрөг хүчнийхээ дээгүүр албан тушаалтнуудыг биш харин тэднийг холбогч дунд түвшний улс төрийн идэвхтнүүдээр оролдож байгаа нь сөрөг хүчний удирдагчид хоорондын харилцаа, үйл ажиллагааны зохион байгуулалтад нөлөөлж байна.
Ажиглагдаж байгаа өөр нэг сонирхолтой зүйл нь Ираны Засгийн газар уламжлалт арга барилаа арай өөр болгож байгаа бололтой. Тухайлбал, 1989 оны зургаан сарын 3-нд Хомейни нас барсны дурсгалыг хүндэтгэж олон сая хүн энэ сарын эхээр түүний бунханд очин хүндэтгэл үзүүлсэн гэж Исламын төрийн хэвлэл мэдээллүүдэд бичсэн бол бие даасан хэвлэлийнхэн тэнд ердөө хэдэн мянган хүн очсон гэж мдээлж байна. Түүнчлэн нас нөгчсөн өдрийг нь гурав хоногийн гашуудлаар тэмдэглэдэг байсан бол энэ жил ердөө ганц өдрийн гашуудал зарласан байна.
Тавдугаар сарын 31-нд Израйлын тусгай албаны коммандо нар Газын зурвас руу тусламж хүргэхээр явж байсан хөлөг рүү довтолж есөн хүнийг алсан нь олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртсөн. Ийм үйл явдлын үеэр Ираны Засгийн газар иргэдээ гудамжинд гарч Палестиний эсрэг жагсахыг дэмждэг ч энэ жил тийм жагсаал болоогүй. Учир нь Ираны Засгийн газар иргэдээ өмнөх шигээ хянаж чадахаа болиод байна гэж Ойрх Дорнодын бодлого судлалын Вашингтоны хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Мехди Халажи ярьж байна.
Ногоон хөдөлгөөнийхөн одоо хүмүүст өөрсдийнх нь эрхийн тухай ярьж, ойлгуулахыг оролдож байна. Тэд долоо хоног бүр гудамжинд гарч жагсах нь гол биш, харин илүү гүн гүнзгий нийгмийн өөрчлөлт хийхийг зорьж байна.
Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж