Томуугийн шинэ халдвар манай улсад илэрснээс хойш эмч нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Дэлхий даяар H1N1 гэж нэрлэгдэх болсон шинэ халдвар аравдугаар сарын 12-нд анх Монголд илэрснээс хойш сарын дотор хурдацтай тархаж иргэд, эмч нарыг багагүй сандаргаж буй. Бид эмнэлгүүдэд байдал ямар байгааг сурвалжлахаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд очлоо. Эмнэлгийн захиргаагаар ороход удирдлагууд нь хуралдаж байлаа. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба гэсэн тодотголтой өрөөгөөр орвол тус эмнэлгийн эмч Ч.Уртнасантай таарав. Тэрбээр биднийг Эмчилгээ хариуцсан захиралтай уулз гэсэн боловч түүний өрөө цоожтой 30 минут болов. Арга ядаж Сувилахуйн албаны дарга Ч.Оюунчимэгтэй уулзлаа. Тэрбээр “Эхэн үеэ бодвол одоо ачаалал харьцангуй багассан. Сувилагч нар ердийн цагийн хуваариар ажиллаж байгаа. Өвчтөнүүдэд зөвлөгөө өгч, эмчилгээг нь үргэлжлүүлж байгаа. Өдөрт манай эмнэлгээр 200-300 хүн үйлчлүүлж, тэр бүхэнд нэг бүрчлэн зөвлөгөө өгч байсан. Одоо эмчилгээ хийгдэж байгаа 400 гаруй хүн бий.
Зөвхөн шинэ вирусийн халдвар ч биш. Элэгний гепатет, салхин цэцэг, цусан суулгын өвчлөл буурахгүй байгаа. Өрөө тасалгаагаа агааржуулах, ариутгалын уусмалыг цэвэр саванд хийж, таглалгүй тавих, ариутгалын бодисын найрлагатай усаар алчуураа норгож тавь гэх зэргийг л зөвлөж байна даа” гэлээ. Эмнэлгийн амбулатори руу орвол жижүүр сувилагч нар
үзүүлэхээр очсон өвчтөнүүдэд дугаар тарааж байлаа. Сурвалжлага хийхээр яваа учраа хэлэхэд, эмч нар завгүй байна гэдгээ учирлав. “Зөвлөгөө авъя” гэхэд “Тэгвэл хувцсаа өлгүүлээд дугаар ав даа” гэж дүргүйцсэн аястай өгүүллээ. 120 тоот өрөөнд орлоо. Н.Саруул гэх эмэгтэй хэрэг зоригийг лавлаад ханиаднаас сэргийлэх энгийн зөвлөгөө өгөв. Эмч нар хэр ачаалалттай ажиллаж байна гэвэл, “Одоо арай гайгүй болсон. Хамгийн хэцүү нь өөрсдөө вирусээр халдварлах магадлалтай байх юм. Манай нэг эмч халдвар авсан. Бас нэг эмч маань хууч өвчин нь хөдлөөд чөлөө авсан” гэж ярьлаа. Тус эмнэлгийн долоон эмч вирусын үзлэг хийж байгаа гэнэ. Бусад эмнэлэгүүдэд томуутай иргэдийг авах болсон нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ачааллыг бууруулжээ.
Холбоотой мэдээ