Хөрөнгө оруулалтын хуулийг сурталчлахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын хуулийг сурталчлахыг хүсэв

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газар цаг алдалгүй сурталчлан таниулах шаардлагатай байгаа талаарх саналыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан өнөөдөр илгээжээ.

Түүнд С.Бямбацогт гишүүн "2013 оны есдүгээр сард зарлан хуралдуулсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ.

Өмнө батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөв зүйтэй сурталчлан таниулах, дагаж хэрэгжүүлэх журмыг цаг тухайд нь боловсруулан хэрэгжүүлэх талд Засгийн газар хойрго хандсан нь хөрөнгө оруулагчдад сөрөг ойлголт өгч, эргэлзээ үүсэхэд хүргэсэн сургамж бий.

Тиймээс УИХ-аас онцгой ач холбогдол өгч баталсан шинэ хуулийг цаг алдалгүй сурталчилан мэдээлж эхлэх нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, гадаад болон дотоод зах зээл дээр эерэг дохио өгөх юм. Түүнчлэн гадаад валютын нөөц нэмэгдэх, шинэ техник, технологи нэвтрэх, татварын орлого нэмэгдэх, шинээр ажлын байр бий болох, цаашлаад эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Нөгөө талаар хуулийг сурталчилан таниулах ажлыг хойшлуулах хэрээр Монголын нийгэм, эдийн засгийн талаар таамаглал, үл итгэлцэл, цуу яриа, сөрөг хандлагыг улам хөөрөгдөн, үнэт цаасны арилжаанд оролцогч санхүүгийн тоглогчид манайхтай холбоотой арилжаанаас зайлсхийх, Монголын эдийн засагт ихээн сөрөг үр дагаврыг дагуулах болно. Иймд үүсэж болох хүндрэлийг багасгахын тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг сурталчлан таниулах ажлыг цаг алдалгүй зохион байгуулахыг Засгийн газарт сануулж байна" гэжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж