
Монгол Улсын Үндэсний төв номын сан, Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн номын сангуудад “НҮБ-ын номын булан” нээж байна. Нээлтийн ажиллагаа 2010 оны зургадугаар сарын 15-ны өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын санд боллоо. Нээлтийн ажиллагаанд НҮБ-ын залуучуудын зөвлөлдөх хорооны зохицуулагч Х.Батсайхан, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын сангийн захирал Т.Мижиддорж, НҮБ-ын суурин төлөөлөгч Аржентина Матавел нар оролцов. “НҮБ-ын номын булан”-тай болох саналыг анх НҮБ-ын залуучуудын зөвлөлдөх хорооны гишүүн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан н. Жаргалдаваа гаргасан байна. Саналыг нь НҮБ-ын залуучуудын зөвлөлдөх хороо болон НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар дэмжиж эдгээр номын сангуудад нээлтээ хийж байгаа юм. Номын буланд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, НҮБ-ээс эрхлэн гаргасан засаглал, ардчилал, хүний эрх, байгаль орчин, боловсрол бусад олон чиглэлийн 430 төрлийн 1400 гаруй ном хэвлэлийг байршуулсан байна. Мөнгөн дүнгээр бодож үзвэл нийт 10 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ном, хэвлэмэл материалууд байгаа ажээ.
Нээлтийн ажиллагаанд оролцож байгаа оюутан залуусын дунд орчин үеийн нийгэмтэй хөл зэрэгцэн алхахад хэрэгтэй зах зээлийн харилцаа, эдийн засаг, ардчилал, авлига зэрэг мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой боллоо. Гэхдээ гадаадын цоо шинэ ном, материалууд байвал зүгээр байна гэж байсан. НҮБ нь дэлхийн бусад хөгжиж буй орнуудад номын буланг нээдэг бөгөөд монгол залуучуудын мэдээлэл олж авах хүсэл дээр тулгуурлан энэхүү номын буланг нээсэн байна. Цаашид “НҮБ-ын номын булан”-г хөдөө орон нутгийн номын сангуудад байгуулах, номын фондыг баяжуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Мөн хэрэгцээтэй байгаа ном, хэвлэмэл материалыг зөвхөн номын булан гэлтгүй Улаанбаатар хотын бүх номын сангуудаар түгээх ажлыг эхлүүлнэ гэж байлаа. НҮБ, Олон улсын залуучуудын холбооноос 2010 оны наймдугаар сарын 12-ноос 2011 оны наймдугаар сарын 12 хүртэл “Дэлхийн залуучуудын жил” болгон зарлаж байгаа бөгөөд үүнийг угтаж “НҮБ-ын номын булан”-г нээсэн байна.
А.Оюут