Тэргүүн шадар сайд агентлагуудын удирдлагуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд агентлагуудын удирдлагуудтай уулзлаа

Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Стандартчилал хэмжил зүйн газар”, “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”, “Улсын бүртгэлийн ерөнхий газар”, “Оюуны өмчийн газар”, Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Чойрын чөлөөт бүсүүд болон Үйлдвэржүүлэлтийн бодлогын асуудал харьяалагддаг. 

 Өнөөдөр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд багтах дээрх харъяа агентлагуудын дарга, хэлтэс албадуудын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар агентлагууд Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хэрхэн явагдаж байгаа талаарх эхний хагас жилийн ажлаа тайлагналаа. Энэ жилийн хүрээнд бизнесийн орчны сайжруулах, бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор УБЕГ-аас 128 нэр төрлийн үйлчилгээг 53 үйлчилгээ болгон багасгах зэргээр Засгийн газраас гаргасан хөтөлбөрийн хүрээнд хийгдэх 14 ажлуудыг амжилттай хэрэгжилүүлээд явж байгааг Тэргүүн шадар сайд сайшаалаа. Түүнчлэн ШӨХТГ-аас “Өрсөлдөөний тухай хууль”-ийг шинэчлэн баталсан,  Оюуны өмчийн газраас “Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлтийн талаар хийгдсэн ажлуудтай холбогдуулан бизнесийн орчинг сайжруулах, шударга орчныг бүрдүүлэх чиглэлээр гаргасан эдгээр хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.
Энэ удаагийн уулзалтаар агентлагууд өөр өөрийн салбар дээр олон нийтэд чиглэсэн үйлчилгээгээ хүртээмжтэй, шуурхай болгох талаар хийж хэрэгжүүлсэн шинэлэг ажлуудыг Тэргүүн шадар сайд сайшаахын хамт, олон нийтэд нээлттэй байх, мэдээ мэдээллээ хүргэх, сурталчлах талаар анхаарал хандуулж ажиллахыг санал болгож зарим үүрэг даалгаварыг өглөө.  Тэргүүн шадар сайд хэлэхдээ: Та бидний ажил засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2009 оны үндсэн чиглэл зэрэг холбогдох бичиг баримтуудтай нягт уялдаж байх учиртай. Үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй бус байдгаас болоод буруу ойлголт, хүнд суртал, явдал чирэгдэл, зөрчил бухимдлыг бий болгодог.  Тиймээс өдөр тутам хийдэг жижүүрийн ажлаас гадна олон нийтэд хүрсэн бодитой, үр дүнтэй мэдээлэл сурталчилгааны тодорхой ажлуудыг зохион байгуулж байх хэрэгтэй гэлээ.  Түүнчлэн байгууллагууд үйл ажиллагаагаа нягт уялдуулан ажиллах,  байгууллагын ажлын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх гээд хэд хэдэн асуудлуудыг анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

Энэхүү уулзалтыг сар бүрийн эхний долоо хоногийн  хоёр дах өдөр хийж байхаар болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж