Ардын багш Ч.Насантогтохын санаачилгаар зохион байгуулсан жүдо бөхийн жин тус бүрийн шилдэг найман тамирчны халз тулаан өнөөдөр эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, -100 кг, эмэгтэйчүүдийн 48, -68, +68 кг-ын жингийн барилдаанууд болж, олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар тэргүүтэй дэлхийн шилдэг жүдочид эх орныхоо татамид хүч үзэв. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний эхний найман байрт шалгарсан жүдочдын өрсөлдсөн тэмцээнээс үзэгчид 66 кг-ын барилдааныг онцолж, энэ жинд дэлхийн аварга, “Эрч” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар, “Мастерс” тэмцээний аварга С.Мияарагчаа нарыг аваргын төлөө барилдана хэмээн тооцоолж байлаа. IJF-ийн чансаанд 66 кг-ын нэг, гуравдугаарт эрэмбэлэгдээд байгаа дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нарын хоорондоо таарч барилдахыг бид байтугай дэлхийн хэмжээний том тэмцээнүүд ч “хүсэмжилж” байгаа нь үнэн. Өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хойш дотоод, гадаадын тэмцээнд нэг ч удаа учраа таараагүй хоёр бөх энэ удаа нутгийнхаа татами дээр дахин хүч үзэж, “Шилдэг найм” тэмцээний аваргын төлөөх барилдаан Х.Цагаанбаатарын цэвэр ялалтаар өндөрлөв. Тэрбээр өнөөдөр долоо барилдахдаа бүх өрсөлдөгчөө цэвэр ялжээ. Олимпийн аварга Н.Түвшинбаярын барилдаан анхаарлын төвд байсан нь мэдээж. Н.Түвшинбаярын хувьд эхний барилдаануудаа ялалтаар дуусгасан ч аваргын төлөө түүнтэй өрсөлдсөн Б.Тэмүүлэн энэ удаа олимпийн аваргаас даагаа нэхлээ. Японд жүдогийн эрдэм заалгаж буй Б.Тэмүүлэн оны эхээр болсон улсын аварга шалгаруулах тэмцээний алтын төлөөх барилдаанд олимпийн аваргад цэвэр ялагдаж байсан бол энэ удаа өөрөө цэвэр ялалттай дэвжээнээс буулаа.
Монголын жүдо бөхийн тамирчдын бэлтгэл, сургуулилт, байнгын бэлтгэлтэй байдлыг хангахад хөшүүрэг болсон “Шилдэг найм” тэмцээнээс медаль хүртсэн тамирчид ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхтэй болох юм.
Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэж байгаа “Чингис хаан” world cup-д өнгөрсөн жилийнхээс илүү олон орны тамирчид, тэр дундаа энэ цаг үеийн шилдгийн шилдэг жүдочид цуглах төлөвтэй байгаа. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын шийдвэрээр тус тэмцээнд “Grand Slam” буюу IJF-ийн “Их дуулга” тэмцээний шагналын сантай дүйцэхүйц мөнгөн шагнал амлахаар зэхэж байгаа нь тив тивийн жүдочдыг талын Монголыг зорин ирэхэд том нөлөө үзүүлж байгаа ажээ. Хэрэв энэ амлалт хэрэгжвэл, Монголын татамид түрүүлсэн жүдоч 5000 ам.долларын шагнал хүртэх болно. Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөгчид саяхан олимпийн эрхийн оноо олгож, дээрээс нь “Дэлхийн цом”-ын шагналын сангийн жишгийг хол давсан мөнгөн урамшуулал олгохоор зэхэж байгаа энэ тэмцээний бэлтгэл ажилтай танилцаад явсан. Ингэхдээ нэг жилийн өмнө “Дэлхийн цом”-ыг явуулж байсан Спортын төв ордныг багадна гээд шинэ спорт цогцолбороо ашиглалтад оруулахыг анхааруулаад явсан нь тэмцээний цар хүрээ илүү өргөн болохын сануулга биз ээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Дэлхийн цом”-ын тэмцээнийг Яармагт барьж буй шинэ спорт цогцолборт хүлээж авъя гэхэд Засгийн газрын зүгээс уг ордны барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Хятадын талтай зөвшилцөж, ажлыг яаравчлуулах хэрэгтэй байгаа. Гэхдээ Засгийн газар яаж хандахыг, хэрхэн хөдлөхийг мэдэхгүй болохоор арай дөнгүүр гэдгээр нь Орхон аймгийн “Хангарьд” спортын ордон байж болох юм гэсэн хувилбарыг ч жүдо бөхийн холбооныхон ярилцаж байгаа юм байна.
Б.БАЯСАХ
Холбоотой мэдээ