М.Наранбаатарт асуудлыг шийдэхийг даалгажээ

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

М.Наранбаатарт асуудлыг шийдэхийг даалгажээ

Монголын үндэсний олон нийтийн телевиз /МҮОНТ/-ийн хэсэг уран бүтээлчид тус телевизийн захирал Ч.Даваабаярыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд энэ тухай шаардлага хүргүүлсэн билээ. Ингэхдээ тав хоногийн дотор шаардлагын хариуг авна гэсний дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдлаа.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд телевизийн захирлыг томилох, халах шийдвэр гаргах эрх байдаггүй бөгөөд энэ асуудлыг МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар шийдвэрлэх ёстой ажээ. Тиймээс өнөөдөр болсон Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хоёр талын төлөөлөлтэй уулзаж, ярилцсан байна. Ингээд Үндэсний зөвлөлийн гишүүд МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарт асуудлыг нэн даруй шийдвэрлэх үүрэг өгчээ. Харин гомдол гаргагчид болон Ч.Даваабаяр нарт маргаанаа хуулийн дагуу шийдвэрлэхийг чиглэл болгосон байна.  Тиймээс Ч.Даваабаярыг ажлаас чөлөөлөх эсэхийг МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар шийдвэрлэх юм байна. Хачирхалтай нь, байгууллагын дотоодод үүссэн энэ асуудлыг хэлэлцэх Үндэсний зөвлөлийн хуралдаанд М.Наранбаатар өөрөө оролцоогүй гэнэ.

Сануулахад, МҮОНТ-ийн хэсэг уран бүтээлчид Ч.Даваабаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж, албан тушаалаас нь огцруулахыг шаардаад байгаа билээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж