Дарханы АН-ынхан даргаа сонгоно

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Дарханы АН-ынхан даргаа сонгоно

Дархан-Уул аймгийн Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаж, намын гишүүдтэй уулзсан байна.

Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороо энэ сарын 18-нд хуралдаж, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдааныг хүчингүй тооцсон шийдвэр гаргасан юм байна. Мөн “Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо, удирдлага зохион байгуулалтыг өөрчлөн хэрэгжүүлэх” тухай тохиролцооны дагуу талуудыг оролцуулан зохион байгуулахыг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт даалгасугай” гэсэн тогтоол гаргасан байжээ.

Тэгвэл Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүдтэй уулзах үеэрээ, “Хяналтын хороо хуралдаж тогтоол гаргасан. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 13-ний өдрөөс хойш тус намд болсон бүх зүйл хүчингүй. Тиймээс анхан шатандаа хурлаа хийж, намынхаа даргыг сонгох ёстой” гэсэн байна.

Эл хуралдаанд хоёр нам болон хуваагдаад буй Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Д.Баянмөнх, тус намын экс дарга Б.Мягмардаш нар оролцож тус тусын байр сууриа илэрхийлжээ. Тэрчлэн анхан шатныхаа хурлыг зохион байгуулж, намын даргаа сонгох нь зүйтэй гэсэн нэгдсэн байр суурьт хүрсэн байна. Тус намын генсек Ц.Оюундарийн хэлснээр бол долдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас хойш тус намд болсон бүх үйл явдал хүчингүй аж. Тухайлбал, тус намын дарга асан Э.Наранбаатарын намаасаа түдгэлзсэн, Засаг даргын орлогч Д.Баянмөнхийг намаас хөөсөн зэрэг үйл явдал хүчингүй болох юм байна.

Ер нь бол Дархан-Уул аймгийн Ардчилсан нам дотоод зөрчилтэй маш удаан хугацаа өнгөрч байгаа аж. Тодруулбал, 2013 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт Ардчилсан намын Үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг гишүүдийн дунд хийхээр очтол гишүүдээс намын дотоод асуудлыг ярьж Дотоод сонгууль явуулах ажлыг зохион байгуулж өгөхийг Ерөнхий нарийн бичгийн даргаас шаардаж байжээ. Гэхдээ энэ нь Ерөнхий нарийн бичгийн даргын эрх мэдлийн асуудал биш, мөн улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбогдуулан гишүүдтэй зөвшилцөн  сонгуулийг өнгөрөөх, гэхдээ есдүгээр сарын 15-ны дотор Үндсэн дүрмийн хүрээнд дотоод сонгууль явуулсан байхыг тохиролцон энэхүү тохиролцоонд зургаан гишүүн гарын үсэг зурсан байдаг аж.  Ийм байтал хэсэг гишүүд тохиролцооноосоо буцаж дөрөвдүгээр сарын 13-нд хуралдаж намын даргаа өөрчилсөн байна. Энэхүү шийдвэр нь буруу гэж хэсэг гишүүдээс Хяналтын ерөнхий хороонд гомдол гаргаж хандсан. Энэ дагуу Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо асуудлыг маргаан болгож шалгалт явуулан энэ сарын 18-нд нэгдсэн хуралдаан зарлаж,  гарын үсэг зурсан зургаан этгээд дөрөвдүгээр сарын 13-нд болсон хурлаар Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга болсон хүмүүст  хуралдаанд оролцож мэдүүлэг өгөх зар хүргэсэн байна. Гэвч Хяналтын ерөнхий хорооны хурал зарлагдсан дээрх өдөр Дархан-Уул аймгаас зохион байгуулалттай хэсэг нөхөд ирж, 14.00 цагийн орчимд Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд дайрч орж ирсэн аж. Ерөнхий нарийн бичгийн дарга Хяналтын ерөнхий хорооны хурлын оролцогч нэг тал нь учир хуралдаж эцсийн шийдвэр гарахаас өмнө маргалдагч нэг талын төлөөлөлтэй уулзах нь ёс зүйгүй гэж тайлбарлаад уулзах боломжгүйгээ Хяналтын ерөнхий хорооны шийдвэр гарсаны дараа маргалдагч бүх талуудыг байлцуулан шийдвэрийг нийт гишүүдэд танилцуулахаа мэдэгдсэн байна. Харин Хяналтын ерөнхий хорооны хурлаас 02 тоот тогтоолыг гаргажээ. Энэхүү тогтоолоо өчигдөр Дархан-Уул аймагт 300 орчим гишүүд оролцуулан танилцуулсан байна. Гишүүдийн үнэмлэхүй олонх нь намаа шинчэлэх дотоод сонгууль явуулах урьдын санал дээрээ хатуу зогсох саналаа илэрхийлжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж