“Адуучин” тэмцээн Ерөнхий сайдыг чирэв

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

“Адуучин” тэмцээн Ерөнхий сайдыг чирэв

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ жил Хүй долоон худагт “Адуучин” тэмцээн болж, аймаг бүрээс ирсэн залуус морин дэл дээр дэрвэж ур чадвараараа өрсөлдсөн билээ. Гэвч МҮОНТ-д үүсээд байгаа маргаантай холбоотойгоор “Адуучин” нэвтрүүлгээс болж, Ерөнхий сайдын нэрийг шүүхэд өгч болзошгүй болоод байна. Учир юу вэ гэвэл Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Ч.Даваабаяр нь “МҮОНТ-ийн дөрөвдүгээр нэгдлийн сэтгүүлч, редактор Л.Цагаандалайг Ерөнхий сайдын ивээл дор “Адуучин” тэмцээн зохион байгуулж 200 сая төгрөг хувьдаа авсан гэж өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн юм.

Харин сэтгүүлч, редактор Л.Цагаандалай нь “Ч.Даваабаяр захирал нэвтрүүлэг, тэмцээн хоёрыг ялгахгүй байна. Хэрэв Л.Цагаандалай “Адуучин” нэвтрүүлгээ айхтар их зардлаар хийгээд телевизэд мөнгө өгсөнгүй гэж байгаа бол намайг биш, “Адуучин” тэмцээн зохион байгуулсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгах хэрэгтэй шүү дээ” гэсэн хариуг хэвлэлээр дамжуулж мөн дайгаад байгаа юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд аятайхан тэмцээн зохион байгуулчихъя гэж бодоо биз, түүнээс энэндээ тултал “өшиглүүлнэ” чинээ санаагүй л байлгүй. Аливаа тэмцээн уралдааныг томчууд зохион байгуулах бол, тэр тусмаа нэрэмжитээ болгохдоо анхааралтай хандахгүй бол юу ч болж мэдэх нь байна шүү.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж