Үүнийг нэг талаар цагдаагийн байгууллагад хийж буй шинэчлэл, дэвшил гэж харж болох ч нөгөө талаар учир дутагдалтай. Яагаад гэвэл цагдаагийнхны ингэсэн, тэгсэн гэж ил тод мэдээлээд байгаа хэрэг хэнтэй холбоотой байсан учраас ямар зорилгоор дэлгэв, нөгөө талаар өгч байсан мэдээлэл нь прокурорын, эсвэл шүүхийн шатанд очихоороо тэгэсхийгээд намжиж, ганц нэг хүн нь ял явсан болоод замхарч орхидог нь нууц биш болчихоод байгаа. Тийм болохоор дуулиан дагуулсан хэрэг болгоны ард хэн нэгний ашиг сонирхол байгаа юм биз гэсэн хардлага төрүүлдэг. Иймээс эрхэм гишүүний тодорхойлсон "хэрэг угаах" гэх хэрэг газар аваад байна уу даа гэсэн хардлага хаа хаанаа төрж байгаа. Гэхдээ "хэрэг угаах"- ыг нөгөө талаар "угаагдаж дууссан хэрэг"-үүд буюу цаашид дахин сөхөгдөх, цаана нь байгаа "нууц ноёнтон"-уудын айдгийг авдарт нь хийсэн хэргүүд ч гэж нэрлэж болно. Яагаад гэвэл дээр өгүүлсэнчлэн хуулийнхны сүр дуулиантай шалгаж эхэлсэн хэрэг шүүхэд шилжих үед хэдхэн хүн ял аваад намжсан тохиолдол олон байгаа. Мөн одоо мөрдөн байцаалтын шатанд яваа атлаа дуулиан нь намжиж, тэгэсхийгээд хаагдчих болов уу гэсэн хардлага төрүүлж буй дуулиант хэргүүд ч цөөнгүй байна. Иймээс энэ удаад цаанаа том эзэнтэй, захиалагчтай болов уу хэмээн олон нийт хардаж байсан ч хэдхэн хүн, цөөн жилийн ял үүрээд гарсан зарим хэргийн тухай товчлон хүргэж байна.
Хэдхэн хоногнйн өмнө МИАТ- нин үе үеийн удирдлагуудтай холбоотой хэргийг Дээд шүүх хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүхээс оцоосон ялыг хөнгөрүүлэв. Ингэснээр төрийн өмчит компани төсвийн өмч хөрөнгөнөөс их хэмжээгээр ашигласан, завшсан нь олон удаагийн үйлдлээр тогтоогдсон хэмээгдэж байсан эрхмүүдийн зарим нь хэрэг хийгээгүй хэмээн суллагдсан бол нөгөө хэсэг нь 3-5 жилийн ял сонслоо. Уг нь хуулийн байгууллагынхан энэ хэргийн тухай анх мэдээлэхдээ МИАТ-ийн экс удирдлагууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3 буюу мөнгө угаасан, 156.3.3 буюу банкны хууль тогтоомж зөрчсөн хэмээж байсан. Тэр ч бүү хэл энэ хэргийг шалгах үед өөр олон асуудал гарч ирж магадгүй тухай өгүүлж байсан. Тодорхой хэлбэл, ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар энэ хэрэгт хамаатай. Тэрбээр авсан мөнгөө хэнд хандив болгож өгдөг вэ.
Намдаа юу эсвэл өөрийг нь энэ мэт өндөр суудалд бат суулгаж чаддаг улстөрчдөд үү гэсэн асуултыг ургуулан гаргаж ирэхэд хүргэж байлаа. Яагаад гэвэл тэрбээр энэ хэрэг гарч байх үед ТӨХ-ны даргаас гадна МИАТ-ийн ТУЗ- ийн дарга гэсэн албатай байсан бөгөөд санхүү хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд яах аргагүй мань эрхэм давхар хяналт тавих үүргэтэй байсан юм билээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ хэргийн дуулиан бүдгэрч тэр ч бүү хэл "Хууль бус гэрээг анх байгуулсан Б.Эрдэнэбилэг энэ хэрэгт оролцоогүй болсон бол Ц.Орхон тэргүүтэн хариуцлага алдсан албан тушаалтан болж хувирсан. Мөн мөрдөн байцаалтын явцад дээрх нөхөд мөнгө угаасан, хувьдаа завшсан гэдгийг баримтаар нотолсон гээд цагдаагийнхан мэдээлээд байсан атал шүүх хэрэг хийгээгүй байна гэж шийдээд буй нь энэ дуулиан "угаагдсан хэрэг"-ийн нэг болоод өнгөрлөө гэх хардлагыг төрүүлж болох. Бас хэргийг ингэж шийдэхэд хэн нөлөөлөв хэмээн хардаж байна. Ямартай ч энэ хэрэг гарах үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар болон Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь "Вест вельф" гэх хуурамч компанийг үүсгэн байгуулсан Н.Галт нарын хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа тухай хуулийнхан хэлж байсан. Тиймээс энэ хэрэг ч бас МИАТ- ийн удирдлагуудын хэрэг шиг угаагдаад өнгөрөх вий гэсэн айдас төрж л байна.
Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий ашигт малтмалын бүс, ой сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчин 192 зөвшөөрөл бусдад олгосон мөн албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Өнгөрсөн хавраас дуулиан тарьсан энэ хэргийг гурван ч шатны шүүх шийдэж түүнийг гэм буруутай гэж үзсэн учраас чанга дэглэмтэй хорих ангид 6.6 жилийн хорих ял оноосон юм. Хэдийгээр Д.Батхуяг гэх эрхэм ялаа үүрээд явсан ч мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээж өгсөн мэдүүлэг нь одоо ч анхаарал татдаг. Тодруулбал тэрбээр хуулийнханд "Төрийн ордонд сууж байгаа арав гаруй хүн ч энэ хэрэгт холбоотой" хэмээн мэдүүлсэн нь түүний ард хэн хэн байдаг вэ гэсэн асуултыг тавихад хүргэж байгаа юм. Харамсалтай нь түүний өгсөн мэдүүлэг тэгэсхийгээд намжиж түүний ард МАН-ын нөлөө бүхий эрхмээс гадна ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт нарын хэд хэдэн эрхэм байгаа тухай мэдээлэл гарч байв.
Үнэхээр түүний тухай хавтаст хэрэгт бүрдсэн материалын зах зухаас харвал мань хүнийг ганцаараа яаж ч туйлаад ийм том хэрэг өдүүлсэн гэхэд эргэлзмээр Бас түүний цаана улстөрчдийн мөнгө угаах маш том сүлжээ байсан уу гэж хардахад хүргэдэг юм. Яагаад гэвэл тэрбээр АМГ-аас хууль зөрчин олгосон гэх 191 зөвшөөрөл олгосон, мөн түүнийг зөвшөөрөл олгосон газрын байршил, бүтцийг харах юм бол онцгой бүр зарим нь стратегийн ордод хамааруулахаар ярьж байсан орд газрыг хүртэл дур мэдэн өгчихсөн байсан нь мань хүний гарын үсгийг хэн нэгэн ашиглажээ гэж хардахад хүргэдэг юм. Харамсалтай нь түүний ард байсан баг Д.Батхуяг гэх эрхмийг ял авснаар дахин нуувчинд орж, өөрийн хүнийг дахин гарч ирэхэд ямар ч хэрэг өдүүлж мэдэх болчихоод байга нь нууц биш боллоо.
Яг энэ төрөлд багтаж болох гэхдээ нэлээд хэдэн жилийн өмнө үйлдэгдэж тухайн үедээ дуулиан болж байсан хэрэг бол Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын улсын мөнгө шамшигдуулсан хэрэг. Учир нь тэрбээр дээрх албыг хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэх бөгөөд тухайн үед гадагшаа зугтаж усанд хаясан чулуу шиг алга болж байв. Гэвч хуулийн байгууллагынхан түүнийг сүр дуулиантай баривчилж авчирснаар дахин дуулиан дэгдэж тэрбээр хохирлоо барагдуулсан ч гурван шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсч байлаа. Ер нь түүний тухай янз бүрийн л яриа байдаг. МАН-д харьяалагддаг. Санхүүжүүлэгч нь байсан. Намынхаа удирдлагуудын ивээлд багтаж, төрийн өндөр албанд томилогдсон гээд л. Гэвч дээрх жишээнүүдтэй адил тэрбээр цаад эздээ хэлээгүй. Харин хөгшчүүл "Энэ мөнгөнийхөө заримыг намдаа өгсөн юм гэнэ билээ зайлуул" гэсхийгээд хэрэг дууссан юм.
Одоо тэрбээр Тахир соёотын хорих ангид адуу маллаад явж байгаа. Удахгүй суллагдана гэсэн мэдээлэл байна. Ер нь энэ мэт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан тэгсэн атлаа нууц эзэд нь тодроогүй "угаагдсан хэрэг" олон байх юм. Хадгаламж банкны ахлах эдийн засагч Ц.Чимэдцэрэнгээс эхлээд "Гаалийн" Д.Баатар гээд цааш бичвэл хэдэн ч хуудас болж мэдэх. Хамгийн гол нь энэ мэт дуулиант хэргүүдийг Монгол Улсын хууль хүчний байгууллага илрүүлж шалгаад байгаа нь мундаг мэт харагдавч, цаад эзнийг нь олоогүй өнгөн талаас нь хараад өнгөрч байгаа нь цаашид угаагаад өнгөрсөн хэргийн тоог улам нэмэх аюулыг дагуулж байгаа юм. Яагаад гэвэл ямар ч нэг хүн гаргасан алдаагаа давтахыг хүсдэггүй. Түүнтэй адил том хэргийн захиалагчид гарынх нь үзүүрээр хөдөлдөг байсан хүүхэлдэйнүүд баригдаад эхэлбэл дахин нуувчинд орох, түүнийгээ дагаад дараагийн үйлдэх хэргээ улам боловсронгүй болгож суудаг нь нууц биш болов уу.
Эцэст нь эрх зүйн онолд мафи, олигархи бүлэглэл гэсэн хоёр ойлголт байдаг. Мафи гэдэг нь эрх мэдэлдээ хүрэхийн тулд хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Олигархи бүлэглэл гэдэг нь тодорхой бүлэглэлүүд өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд төрийг мафи болгодог хувилбар аж. Тэгэхээр нэг талаар маш олон гэмт хэрэг илэрч байгаа нь сайн ч хамгийн гол нь энэ хэргийг зохион байгуулалттай илрүүлээд жинхэнэ эзэд нь ард нь үлдчихээд байдаг юм биш биз гэсэн айдас хаа хаанаа төрж эхэллээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Том төрөөс ухаалаг төр лүү" Үндэсний зөвлөл дэх уулзалтын үеэр "Сүүлийн үед Дээд шүүх чих халууцуулах боллоо. Авлигын хэргүүдээс их мөнгө төлбөртэй хэсгүүдийг нь голдуу хүчингүй болгоод байх юм. Хэдийгээр хараат бус ч гэсэн Дээд шүүхийн шийдвэр Монголын түүхэнд сургамж болж үлдэж байгааг санах хэрэгтэй" хэмээсэн байна билээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин