
Чуулга уулзалтын хүрээнд ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2012 онд санал нэгтэй баталсан 18 тоот (А/RES/67/18) тогтоолыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хамгийн сүүлд 1995 онд Бээжин хотноо болсон, 2015 онд дахин зохиогдохоор төлөвлөгдөж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн V их хурлын үйл явцыг сэргээхтэй холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэх юм.
Чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон улсаас төлөөлөгч хүрэлцэн ирж оролцохоос гадна НҮБ, түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцоно.
Чуулга уулзалтын үндсэн ажиллагаа 11 дүгээр сарын 24-ний Ням гарагт Төрийн ордны “Б” танхимд зохиогдох бөгөөд хуралдаан “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг”, “Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын сүлжээг хөгжүүлэх нь: 2015 оны Дэлхийн эмэгтэйчүүдийн их хурлыг угтан хийх ажлууд” гэсэн хоёр сэдвээс бүрдэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.