
Уг өдөрлөгт Болгар-Монголын парламентын бүлгийн эмэгтэй гишүүд, Болгарт суугаа Элчин сайдын яамдын тэргүүний гэргий нар, Болгарын бизнес болон олон улсын эмэгтэйчүүдийн клубын гишүүд зэрэг нийт 70 гаруй хүн уригдан оролцлоо. Арга хэмжээг нээж Элчин сайдын гэргий Л. Март монголын түүх, соёл, зан заншлын талаар товч үг хэлэв.
ЭСЯ-ны ажилтнуудын гэр бүл, Софи хотноо ажиллаж, амьдардаг монгол иргэд монгол үндэсний хатны хувцас, өдөр тутмын болон гоёлын хувцасны үзүүлбэр сонирхуулж, монголын түүх, орчин үеийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, монгол бичиг, уран зохиол, ном, дурсгалын зүйлс, ноос, ноолууран эдлэл, гар урлал дэлгэн сурталчлав.
Мөн монгол гэрт зочлуулж, гэрийн түүх, түүний зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулан, монгол хоол амтлуулсан нь зочдын талархлыг хүлээсэн төдийгүй ийм төрлийн арга хэмжээг цаашид өргөжүүлж, хамтран зохион байгуулах саналыг оролцогсодоос гаргасан байна хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.