Ираны эсрэг хоригоо чангалахаас эмээж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Ираны эсрэг хоригоо чангалахаас эмээж байна

Ираны цөмийн хөтөлбөрөөр хийж байгаа хэлэлцээрийн ээлжит шат эхлэхээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч Конгресст хандан Тегераны эсрэг шинэ хориг авахгүй байхыг уриаллаа. Гэхдээ Ирантай хурдан тохиролцож чадна гэдэгт Обама итгэлгүй байгаа гэнэ.

Хаалттай хаалганы цаана ерөнхийлөгч сенаторуудтай уулзахдаа Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгах нь энэ 20-нд Женев хотноо эхэлсэн Ираны цөмийн хөтөлбөрөөр хийгдэж байгаа хэлэлцээрийн ерөнхий уур амьсгалд нөлөөлнө гэдгийг сануулжээ. “Энэ уулзалтаар эсвэл дараагийн долоо хоногт бид тохиролцоонд хүрэх эсэхийг би мэдэхгүй” хэмээн The Wall Street Journal сонины зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч хэлжээ.

Завсрын тохиролцоо хийж чадлаа гэхэд Ираны эсрэг хориг арга хэмжээнд зарим хязгаарлалтыг нь сулруулна гэдгийг тэр бас онцолсон байна. Иран гадаадын банкуудад битүүмжлэгдсэн 100 тэрбум ам.долларынхоо хэсгээс л тохиролцоо хийсний дараа авч болох юм. Нефтийн болон санхүүгийн салбар дахь хатуу хориг нь хэвээр үлдэнэ гэдгийг ерөнхийлөгч тайлбарлав.

Харин энэ удаагийн хэлэлцээр амжилтгүй болсон нөхцөлд Ираны эсрэг хоригоо улам чангалах болно хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни хэлсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж