Арилжааны банкуудад өнөөдрийн байдлаар ам.долларыг 1723 төгрөгөөр авч, 1750 төгрөгөөр худалдаж байна. Гадаад валютын ханшийн өсөлтийг албаныхан улирлын сезонтой холбон тайлбарладаг ч ам.доллараар худалдаа хийх нь бизнес эрхлэгчдэд хүндхэн цохилт болж, энэ хэрээр бараа, үйлчилгээний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Түүнчлэн төгрөгийн ханшийн уналтаас хамаарч валютын зээл авсан олон аж ахуйн нэгжүүд их хэмжээний алдагдал хүлээж буй бөгөөд цаашид байдал улам хүндрэх төлөвтэйг анхааруулж Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд мэдэгдэл гаргажээ. Ингэхдээ төгрөгийн ханшийн уналтыг бууруулах, тогтвортой байдлыг хангах, ханшийн эрсдлээс хамгаалахад дараах стандарт бус арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал,
- Эдийн засаг дахь долларын хэмжээг зохистой хэмжээнд байлгах, арилжааны банкуудын төгрөгийн болон валютын зээл, хадгаламжийн зохистой харьцааны талаарх үзүүлэлтүүдийг тогтоон арилжааны банкуудад зөвлөмж хүргүүлэх,
- Валютын ханшийн хэт хэлбэлзэл үүссэн үед дан интервенц хийх нь үр дүнгүй болоод буй энэ үед валютын ханш хэлбэлзэх тодорхой хязгаар буюу “хонгил”-ыг тодорхойлох,
- Ам.долларын хадгаламжийн дээд хэмжээг тогтоох, хадгаламжийн хүүгийн төвшинг удирдах зэрэг арга хэмжээг тодорхой хугацааны хуваарьтайгаар Төв банкнаас хэрэгжүүлэх,
- Ам.доллараар зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээлийг төгрөгт шилжүүлэх, валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдлыг тодорхой эх үүсвэрүүдээс нөхөх зэрэг эдийн засагт ам.долларын эрэлт нэмэгдүүлэхгүй байх,
- Валютын зохиомол эрэлт үүсгэж буй хуулийн этгээд, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийж байх хуулийн заалтыг хатуу мөрдүүлэх, хяналт тавих тус тус арга хэмжээ авах хэрэгтэй талаарх мэдэгдэл гаргажээ.
У.БОЛОР