Пауэрлифтингийн тамирчидтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Пауэрлифтингийн тамирчидтай уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Д.Түмэнжаргал, Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан нар өнөөдөр /XI.21/ Монголын пауэрлифтингийн холбооныхон болон саяхан Чех улсын нийслэл Прага хотноо болсон ДАШТ-д амжилттай оролцсон тамирчдын хүлээн авч уулзлаа. Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтөөр Чехэд болсон ДАШТ-д 14 тамирчин оролцсоноос дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм.

Тив, дэлхийн хэмжээнд нэр алдар, улс эх орныхоо дуурсгаж буй пауэрлифтингийн тамирчид тэмцээн, уралдаанд оролцоход төрийн зүгээс тодорхой хэмжээний туслалцаа үзүүлэх боломжтой байгаа эсэх талаар ССАЖ-ын дэд сайд Д.Түмэнжаргалтай ярилцсан юм. Мөн бидний топ дөрвөн спортын төрлөөр олимп, дэлхийн аваргад амжилт үзүүлсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгодог. Тэгвэл энэ мөнгийг бусад төрлийн спортоор амжилт гаргасан тамирчдад олгох боломж байгаа эсэхийг пауэрлифтингийг тамирчид сонирхож байгаагаа ССАЖ-ын дэд сайд Д.Түмэнжаргалаас асуусан юм. 

“Монгол Улс олимпийн аваргатай болох зорилго тавин, шигшээ багийг бүрдүүлсэн. Шигшээ багийнхан олон тэмцээн уралдаанд оролцож, байнгын формтой байх үүднээс улсаас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж ирсэн. 2008 онд зорилгодоо хүрч, олимпийн аваргатай болсон. Түүнээс хойш олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргасан тамирчдыг тодорхой хэмжээний мөнгөөр урамшуулж байгаа юм. Одоо бид спортыг олимпд ордог, ордоггүй гэж ялгалгүйгээр, дэлхийн аваргад амжилттай оролцож байгаа тамирчдаа урамшуулах бодлого боловсруулах шаардлагатай болж байна. Төр засаг тамирчдаа дэмжих, алдаршуулах бодлогын хувьд дараагийн шатад шилжих болсон. Олимп, дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж буй тамирчдыг урамшуулах, алдаршуулах эрх Ерөнхийлөгчид бий” гэдгийг ССАЖ-ын дэд сайд Д.Түмэнжаргал уулзалтын үеэр онцоллоо.

Мөн уулзалтын үеэр пауэрлифтингийн ахмад тамирчдын төлөөлж Хүндийн өргөлтийн ОУХМ Б.Цэгмэд “Өмнө нь улсын дээд амжилт тогтоосон тамирчдад хэдэн төгрөгийн урамшуулал өгдөг байсан. Гэтэл одоо алга. Гэтэл 1990 оноос хойш устчихсан. Монголын пауэрлифтингийн тамирчид дэлхийн рекорд ес, Азийн рекордыг 11 удаа шинэчлэн тогтоолоо. Энэ мэт рекорд, амжилтыг шагнал урамшуулалтай болгох ёстой. Ингэж байж пауэрлифтингийн тамирчид урамшиж, тодорхой хэмжээний зорилготой болох учиртай. Мөн пауэрлифтинг хэмээх энэ сайхан спортыг хөгжүүлж, бидний хөдөлмөрийг үнэлж, дэлхий, олон улсын тэмцээнд оролцоход, амжилт гаргахад сэтгэл гаргаж, дэмжиж ажилладаг хүмүүсийг урамшуулж өгөөч. Бид тодорхой хэмжээний амжилтаар бэлэг барих ч төр засаг тэр хүмүүсийг минь бас урамшуулаасай гэж хүсч байна. Энд УИХ-ын гишүүн Х.Баттулга, дасгалжуулагч н.Жаргалсайхан хоёрыг нэрлэмээр байна” гэж хэллээ.

Манай улсад хоёр пауэрлифтингийн холбоо бий. Эдгээр холбоод идэвхитэй ажиллаж, яаманд тайлангаа цаг тухай бүр нь албан ёсоор хүргэж байх ёстой. Энэ тайланг үндэслэн төрөөс зохион байгуулах тэмцээн уралдаан болон олон улсын хэмжээнд оролцох тэмцээнүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тусламж өгөх боломжтой гэнэ. Мөн тамирчдаа урамшуулах, алдаршуулахын тулд холбоод тун идэвхитэй ажиллах ёстой гэдгийг ССАЖ-ын сайд дэд сайд Д.Түмэнжаргал хэлээд “Төр засаг гэдэг бол хөрөнгө мөнгөөр санхүүжүүлэгч биш. Тиймээс төрийн зүгээс та бүхний ажлыг сурталчлах, спортыг нь бизнес болгон хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л зүйлсийг хийхэд бэлэн байна” гэдгийг уулзалтын үеэр хэлж байлаа.

Ийнхүү Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгаж, “бор зүрхээрээ” зардал мөнгөний асуудлаа шийдэж яваа пауэрлифтингийн тамирчид төр засагтаа хандлаа.

“Бидний зорилго бол төрөөс мөнгөн урамшуулал авах биш юм. Харин бидний хөдөлмөр ирээдүйд хэрхэн үнэлэгдэх вэ гэдэг асуултыг хариуг авч, өөрсдийн дуу хоолой, саналаа төр засагт уламжлахыг хүссэн юм” гэж уулзалтын төгсгөлд пауэрлифтингийн тамирчид онцолсон юм.









Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж