
Хэнтий аймагт ирэх жил бүтээн байгуулалтын 23 ажил хийхээр төсөвт тусгагдсан ч 15 нь тэг дүнтэй батлагдсан аж. Гурван яамны хамтарсан баг тус аймагт ажиллах үеэр сумдын төсвийн байгууллагуудын барилгад их засвар шаардлагатайг аймаг, сумын удирдлагууд хэлж, төсөвт суулгуулах саналаа уламжилсан ч ихэнх нь хасагдсанд иргэд шүүмжлэлтэй ханджээ.
Цалин, тэтгэвэр нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байхад орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаад анхаарч, шийдвэртэй арга хэмжээ авахыг иргэд уулзалтын үеэр захижээ. Мөн Хэрлэн гол орчмын газрыг ухаж сэндийчиж байгаа хууль бус үйлдэлтэй хамтран тэмцэхээ илэрхийлсэн байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн ирэх долоо хоногт зүүн аймгуудад ажиллахаас гадна тойргийнхоо урд талын сумдын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.