Соёл урлаг, нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбарын эмэгтэйчүүд камерын дурангийн өмнө нүцгэлж, эхээс мэндэлсэн нүцгэн биеэрээ гангарах нь ердийн үзэгдэл болсон. Нүцгэн, хагас нүцгэн зургаа сэтгүүлийн нүүрэнд тавихгүй ч өөрсдийн Facebook хуудастаа оруулж, нийтэд түгээх нь харин элбэг. “Лайк дарсан найзууддаа баярлалаа” гэдэг шиг “Нүцгэн биеийг минь харж таашаасанд баярлалаа” гэж буй мэт…
Уг нь бүсгүй хүн эр хүний дэргэд үсээ самнахыг цээрлэдэг хатуу ёсонтой юмсан, монголчууд. Гэтэл тайзан дээр гарсан дуучид нь хүртэл дуу хоолойгоороо үзэгч, сонсогчдод бэлэг барих биш нүцгэн гуя хасаа гялалзуулах болсон. Урлаг хэмээх халуун тогоонд царай зүс, бие хаа чухал үзүүлэлт болох хэдий ч аливаа зүйлд үнэ цэнэ, цензур байх ёстой. Чанар чансаа, авьяас, ур чадвар нь харин нүцгэлэх гэдгээр хэмжигддэг болчих вий.