Тус аймгийн намын хорооны гишүүд намын анхан шатны гишүүдээ алагчилдаг, том том машин унасан, ард иргэдийн эрх ашгаас өөрсдийгөө илүүд үзсэн хүмүүс АН-д олноор орсон гэв. Тухайлбал, Намын үүрийн дарга С.Халтар “Д.Эрдэнэбат ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа маш сайн ажиллаж гишүүдээ сонсдог байсан. Ц.Оюундарийг та нар минь сайн явж ирэв үү. Дарханаар юу болоод байна гэж угтах юм болов уу гэтэл шуудхан л та нар зайлцгаа, гар гэсэн. Түүнээс хойш уулзах гэхэд бие муу гэчихээд өчигдөр Дархан аймаг руу яваад хурал хийж бужигнуулчихаад ирсэн байсан. Ийм ухамсар дорой, боловсрол муутай хүн ерөнхий нарийн бичгийн даргын зөөлөн суудлаа тавьж өгөхийг бид шаардаж байна” гэсэн юм. Түүнчлэн аймгийн АН-ын дэд дарга Г.Гантулга “Дархан-Уул аймгийн намын хороо хууль, эрхзүйн хувьд чадамжгүй гэж яриад байгаа. Гэтэл АН Их хурлаа дөрвөн жил тутамд хуралдуулах ёстой. Гэтэл таван жил гаруйн хугацаа өнгөрч байгаа учраас намын дарга болон Хяналтын ерөнхий хороо хууль дүрмийн хувьд өөрсдөө хүчин төгөлдөр биш болчихоод байна. Тиймээс бид Их хурлаа хуралдуулахыг шаардаж байна” гэв.
Өнөөдрөөс эхлэн тэд Ардчилсан намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг огцортол, Их хурлаа хуралдуулах хүртэл суулт хийх болно гэлээ.