
Аймгийн хэмжээгээр эхний есөн сарын байдлаар оны эхний төллөвөл зохих 557891 эх малын 77 хувь буюу 432609 хээлтэгч мал төллөж, гарсан төлийн 99,8 хувь буюу 441986 төл бойжсоноос 5,0 мянга орчим ихэр төл бойжиж байна. 744 төлийн хорогдолтой, хорогдсон төлийн 79 хувь нь ишиг эзэлж байна. Урьд оны мөн үеийн төллөлтөөс 78,9 мян толгой малаар өссөн. Он гарсаар зүй бусын хорогдол 3341 гарч, өвчнөөр 344 мал хорогдсон байна. Нийт хорогдлын 69,5 хувь буюу 2262 нь ямаа байна. Хүрмэн, Гурвантэс, Сэврэй, Номгон сумдад 289-749 мал хорогдсон мэдээтэй байна.
Сумдаас ирүүлсэн мэдээлэлээр аймгийн нийт нутгийн 50 хувь гандуу зураглал гарсан. Зун намрын саруудад хур бороогүй, салхины хүч их байснаас Гурвантэс, Ханбогд сумдын нийт хэсгээр, Манлай сумын зүүн урд хэсгээр, Сэврэй сумын баруун хойд хэсгээр, Булган, Цогт-Овоо, Баян-Овоо сумдын зарим хэсгээр гандуу, газрын гарц муутай байгаа тул малчид өөр сумын нутагт отор нүүдэл хийж эхлээд байна.Өөр аймгийн нутагт 31 өрхийн 15,9 мянган мал, өөрийн аймгийн бусад сумдад 88 өрхийн 39,1 мянган толгой мал оторлож өвөлжихөөр бэлтгэлээ хангаад байна.
МАА-н салбарын 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 266, орон нутгийн өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх тухай Засгийн газрын 2013 оны 210 дугаар тогтоолууд, ҮХААСайдын 2013 оны 01 тоот албан даалгаврын дагуу аймгийн аюулгүй нөөц болон сумын аюулгүй нөөц, малчид иргэдийн оролцоотойгоор бэлтгэх шаардлагатай хадлан бэлтгэлийн даалгавар төлөвлөгөөг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Аймгийн хэмжээнд малчид иргэдийн оролцоотойгоор 6200 тн өвс хадлан, гар тэжээл 2067 тн, хужир шүү 4134 тн бэлтгэхээс одоогийн байдлаар 2755 тн байгалийн өвс хадлан, 250 тн ногоон тэжээл, 626 тн гар тэжээл, 3012 тн хужир шүү бэлтгэж нөөцлөөд байна. Сумын аюулгүй нөөцөд 620 тн өвс нөөцлөхөөс 456,7 тн өвсний, 121 тн тэжээлийн нөөцтэй байна. Аймгийн Засаг даргын нөөцөд 434 тн өвс нөөцлөхөөс 220,0 тн өвсний, 110 тн тэжээлийн нөөцтэй байна.
ХХААХҮ-ийн сайдын 2010 оны а/148 дугаар тушаалаар батлагдсан “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу аймгийн дүн мэдээг нэгтгэн гаргахад:
- Малын тарга хүч-90,5%
- Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт-68%
- Тэжээлийн хангамж-73,7%
- Давс хужирын хангамж- 87,2%
- Худгийн бэлэн байдал- 94,2%
- Хашааны хангамж- 93%
- Өрхийн өвөлжилтийн бэлтгэл -92,1% гэсэн дүнтэйгээр аймгийн хэмжээнд 85,4 хувьтайгаар өвөлжилтийн бэлтгэл хангасан үнэлгээ гарч байна.
Цаашид аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу дутуу байгаа ажлуудыг бүрэн дуусгах арга хэмжээг авч ажиллаж байна гэж Өмнөговь аймгаас мэдээлэв.