Буруу хүрдтэй машин оруулахгүй гэдгийг дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Буруу хүрдтэй машин оруулахгүй гэдгийг дэмжихгүй гэв

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн долоо хоног бүр сэтгүүлчидтэй хийдэг 30 минутын уулзалт, ярилцлага өнөөдөр боллоо. Урд, хойд хоёр хөрштэй хатуу хучилттай  замаар холбогдсон тухай мэдээллийг Ерөнхий сайд энэ удаагийн уулзалтаар онцолсон. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын 11-11 төвд ирсэн саналыг нэгтгэхэд  Зөв бичих дүрмийг өөрчилж, цагаан толгойгоос дөрвөн үсгийг хасах эсэх тухай иргэд олон санал шүүмжлэл ирүүлсэн бөгөөд энэ талаар Ерөнхий сайд “Дөрвөн үсгийг хасах ямар ч тогтоол одоогоор гараагүй” гэлээ.  Сэтгүүлчид  Ерөнхий сайдаас цаг үеийн асуудлаар сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-УИХ-ын чуулганы хуралдаанаар Алтны худалдаанд ил тод байдал бий болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд Засгийн газраас ямар санал оруулсан бэ. Татварын хэмжээг бууруулах нь буруу гэж үзэх хэсэг байгаа?

-Засгийн газраас энэ хуулийн төслийг  УИХ-д өргөн барьсан. Ер нь алтны олборлолтод татвар, хориг саад их тавих хэрэггүй юм байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан. Өндөр татвар тавих нь валютын нөөцөд нөлөөлдөг.  Засгийн газар хуулийн төслийг санаачлахдаа татварын  хэмжээг бууруулах асуудлыг ярьсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ хуучин 5 хувь байсныг 2.5 болгож бууруулах л  хуулийн төсөл шүү дээ. Ингэхгүй бол алтны олборлолт эрс багасч байна, олсноо нууж байна.  Оюутолгойн хувьд Засгийн газартай тусдаа хөрөнгө оруулалтын гэрээтэй. Татварынхаа хэмжээг 2.5 хувиар төлье гэвэл бүх алтаа Монголбанкинд тушаа гэж байгаа. Энэ бол цаашдаа валютын нөөц нэмэгдүүлэхэд хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн М.Зоригт 2015 оноос буруу талдаа хүрдтэй машиныг импортоор оруулахгүй байх хуулийн  төсөл санаачилсан. Энэ боломжтой юу?

-Одоохондоо энэ асуудлыг Засгийн газар дэмжихгүй. Өнгөрсөн жил нийслэлээс бас ийм санал гараад чимээгүй болсон шүү дээ.

-Хэнтий аймгийн төв Өндөрхаан сумыг Чингис хот болгох талаар ярьж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Би ч бас  сайн ойлгохгүй байна. Хуулиа харах ёстой болов уу.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх асуудал “унасан”. Тэгэхээр цаашдаа бүтээн байгуулалтын ажил өрнөхөд хүндрэл үүсэх үү?

-Өрийн хэмжээг нэмэгдүүлнэ, гэхдээ 60 хувиас хэтрэхгүй байхад боломжтой гэж байсан. Зээл нэмэгдэхгүй бол бүтээн байгуулалт  энэ жилийнх шиг урагштай явахгүй л дээ.  Монгол Улс өртэй болох нь гэж наанаа матрын нулимс унагаж байгаа  цөөн хүнд  бүтээн байгуулалт  хийлгэхгүй байх сонирхол байх шиг байна.

-Бондын хөрөнгөөс багагүй мөнгийг “Гудамж” төсөлд зарцуулсан. Одоо бас замын цагдаа нарт шинэ торгууль бичих хэрэгсэл өгнө гэж ярьж байна. Зарцуулалт нь буруу байгаа юм биш үү?

-Зам гэхээр л мөнгө нь эргэж  орж ирэхгүй гэх юм. Дэд бүтцээ шийдсэнээр маш олон эдийн засгийн хэмнэлт  хийж чадаж байна. Харин замын цагдаа нар торгуулийг бэлэн мөнгөөр бус дансаар авдаг болох юм. Энэ сарын 29-нд  Улаанбаатарын  400 замын цагдаад уншигч, хэвлэгч тарааж өгнө. Ингээд арванхоёрдугаар сараас замын цагдаа бэлэн мөнгөөр торгууль авахаа болих юм. Зөрчил гаргасан жолооч иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хурууны хээ гурвын аль нэгийг уншуулаад тодорхой хугацааны дотор торгуулиа дансаар төлдөг болно. Төлөхгүй бол торгуулийн хэмжээ нэмэгдээд явна. Үүнд  зарцуулах мөнгийг   бондоос биш төсвөөс  гаргаж  байгаа.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж