
АНУ-ын зэвсэгт хүчний нэгэн ахмад эх орноосоо урвасан гэх шалтгаанаар шүүхэд дуудагджээ. Түүнийг үндэснийхээ аюулгүй байдалд аюул учруулахуйц зүйл хийсэн байх гэж бодтол үгүй. Харин “Хятад улсад үйлдвэрлэсэн гутал өмсөхгүй. АНУ-д үйлдвэрлэсэн гутлаа өмснө” гэж хэлснээс болж ийнхүү шүүхэд дуудагдсан байгаа юм. Түүний энэ үйлдлээс өөрөө болон цэргүүддээ чанар муутай гутал өмсүүлэхгүй гэсэн тэмцэл илэхнээ ажиглагдана. Хэрэв манай цэргүүдэд Хятад улсад үйлдвэрлэсэн гутал өмсүүлэхээр болбол тэд яах бол оо. Магадгүй хаана үйлдвэрлэснийг нь ч мэдэхийг хүсэхгүй “Ашгүй шинэ гутал” хэмээн улайран дайрах байх. Эс бөгөөс дуугүй л өгснийг нь авах байх. Ямар ч гэсэн АНУ-ын зэвсэгт хүчний ахмад шиг л үйлдэл гаргахгүй. Тэгэхээр манай зэвсэгт хүчнийхэн АНУ-ын ахмад шиг “Эх орноосоо урвасан” гэдэг номинациар хэзээ ч шүүхэд дуудагдахгүй. Учир нь өмнөд хөршид үйлдвэрлэсэн гутал, за тэгээд бараа бүтээгдэхүүн нь манай улсад бараг л брэнд. Тийм болохоор юун татгалзах, харин ч нэхэж байгаа өмсөх нь ойлгомжтой биз ээ.
Цор ганц хүчний байгууллагынх ч гэлтгүй манай улсын иргэдийн 80, 90 хувь нь Хятад улсад үйлдвэрлэсэн гутал, хувцсаар гангардаг. Харин үлдсэн цөөхөн хувь нь дэлхийд алдартай, өөрөөр хэлбэл үнэ өртөг өндөр гутал хувцас өмсдөг. Тэдэнд Хятадын бараа бүтээгдэхүүнийг шахвал ёстой нэг АНУ-д болсон үйлдэл давтагдах нь ойлгомжтой. Бүр эсэргүүцээд “аймар” юм ч болж мэднэ. Тэгэхээр гурван сая хүрэхгүй монголчуудын 80-90 хувь нь “Эх орноосоо уравсан” гэдэг номинациар хэзээ ч шүүхэд дуудагдахгүй нь. Харин үлдсэн хувь буюу дэлхийн алдартай брэнд хувцас өмсдөг хүмүүс “Уравсан” гэдэг үндэслэлээр шүүхдүүлж магадгүй юм.
Юутай ч монголчуудын цөөхөн нь эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нь ойлгомжтой боллоо. Өөрөөр хэлбэл эх орноосоо хэзээ ч урвахгүй.
Ж.БАТТУУЛЭх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин