-МАХН-ын Бага чуулган ням гаригт хуралдана. Бага чуулганаар МАН-тай нэгдэх тухай асуудлыг хэлэлцэнэ гэсэн яриа гарсан байна?
-МАХН 10-р Бага чуулганаа энэ сарын 24-нд зохион байгуулж, хуралдана. Бага чуулганаар хоёр асуудлыг авч хэлэлцэнэ. Үүнд 2013 онд МАХН-аас төлөвлөн зохион байгуулж явуулсан үйл ажиллагааны тайланг тавьж, хэлэлцүүлнэ. Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үр дүнгийн талаар хэлэлцэнэ гэсэн хоёр үндсэн асуудлыг хэлэлцэнэ. МАН-тай нэгдэх талаарх асуудлыг Бага чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөгүй байгаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа вэ. Бие нь сайжирсан, удахгүй Монголд ирэх гэж буй тухай мэдээлэл байна?
-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал анхны байдлаа бодвол харьцангуй сайн байгаа. Эмчилгээгээ үргэлжлүүлж, цаашид нарийн шинжилгээ өгөх шаардлагатай. Эмчилгээ нь үр дүнтэй сайн хийгдэж байгаа.
-МАХН-ын 10-р Бага чуулганд намын дарга Н.Энхбаяр оролцох уу?
-Энэ удаагийн чуулганд Н.Энхбаяр дарга оролцох боломжгүй, эмчилгээ үргэлжилж байгаа учраас. Харин эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан ирэх оны эхээр болох Их хуралд оролцох эсэхийг нь судална.
-МАХН-ынхан дотор намын даргаа огцруулж, намын удирдлагуудаа солих нь гэсэн яриа гарах үед Бага чуулганыг зохион байгуулахаар товлолоо. Бага чуулганы хурлаар намын даргын асуудлыг ярилцах уу?
-МАХН-ын даргыг өөрчлөх талаар тодорхой төвшинд яригдсан асуудал байхгүй. Хүсэлт, өргөдөл, ил захидал бичсэн зүйл байхгүй. Намын даргын асуудлыг намын Их чуулганаар авч хэлэлцдэг. Их хурал ирэх оны эхээр хийгдэхээр төлөвлөгдөж байна. Дүүргүүдийн намын үүрүүд хуралдаж, дүүргийн намын дарга нарыг өөрчлөх асуудал хийгдсэн. Хууль ёсны бус шийдвэр, томилгоо хийгдээгүй байгаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д МАН-ын гишүүн У.Хүрэлсүхтэй уулзсан гэсэн үнэн үү?
-Уулзаагүй. Тийм асуудал ерөөсөө байхгүй.
-Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдээд Эрүүл мэндийн сайд Н.Удвал сайдад хариуцлага тооцно гэсэн?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн шинжтэй зүйлүүд явагдаж байгаа. Бид энэ захиалаад хийлгээд байгаа хүмүүсийг нь мэдэж байгаа. Энэ хүмүүст бид эрүү үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.